"Лалын улс"-тай холбоотой 3 хүнд хориг арга хэмжээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-07 11:45:26

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” бүлэглэлд гадаадын босогчдыг нэгтгэхэд тусалж байсан гурван хүнд АНУ-ын Сангийн яам хориг арга хэмжээ авчээ.

Их Британийн иргэн болох тэдний нэг нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан босогчдыг элсүүлэх ажиллагааг Европт явуулж байна гэж тус яам мэдэгдсэн байна.

"Лалын улс"-ыг дэмжигч болох хоёр дахь этгээд нь Хойд Кавказад ийм ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын иргэн бөгөөд тэрбээр бага насны хөвгүүдэд тодорхой үзэл суртлыг зааж, бэлтгэн ирээдүйн босогч болгох зорилгоор Сирид сургууль ажиллуулдаг байна. Харин гурав дахь нь Чечен дахь босогчдын бүлгийн командлагч ажээ.

Хориг арга хэмжээний хүрээнд дээрх гурван хүний АНУ дахь хөрөнгийг битүүмжилнэ.

Босогчдын бүлэглэлийг устгах АНУ-ын хүчин чармайлт өсөн нэмэгдэж байгааг энэ ажиллагаа харуулж байна гэж Сангийн сайдын Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн асуудал хариуцсан зөвлөх Даниэль Глейзер мэдэгдэв.

Ирак, Сири дэх “Лалын улс” болон босогчдын бусад бүлэглэлд нэгдэх гадаадын босогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд АНУ-ын Конгрессын мэдэгдсэнээр, тэдний тоо 30 мянга хүрэх төлөвтэй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд