Украин гал зогсоох гэрээг 3 удаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-07 12:06:05

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн 24 цагт Украины тал гал зогсоох гэрээг гурван удаа зөрчлөө гэж өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Украины арми гал зогсоох гэрээг гурван удаа зөрчсөн гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Донецкийн агентлаг мэдээлжээ.

Зайцево тосгон болон Донецкийн нисэх буудал руу Украины тал 82, 120 мм-ийн мина харвагчаар гал нээсэн. Үүнээс гадна, Донецк хотын захад оршдог Спартак тосгон руу хөнгөн зэвсгээр галласан гэж Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө гал нээсэн тохиолдол гаралгүй тайван хоносон гэж Донецкийн дүүрэг болон хотын захиргаанууд өмнө нь мэдэгдэж байсан.

Зааглах шугамд есдүгээр сарын 1-нээс эхлэн гал бүрэн зогсоох заалтыг Холбоо тогтоох бүлгийн Минскт байгуулсан гэрээнд оруулсан билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд