Марио Загалло таалал төгссөнтэй холбогдуулан Бразил даяар гашуудал зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БУЭНОС-АЙРЕС, 2024 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Бразил улсын
Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Марио
Загалло таалал төгссөнтэй холбогдуулан орон даяар гурав хоногийн гашуудал
зарлалаа. Энэ тухай тэрбээр X нийгмийн сүлжээн дэх хуудсандаа өчигдөр бичсэн
байна.
Ерөнхийлөгч Лула да Силва мөн талийгаачийн ар гэрийнхэн ба
түүний олон сая шүтэн бишрэгчид хандан эмгэнэл илэрхийлэхдээ, “Марио Хорхе Лобо
Загалло бол бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогч, дасгалжуулагчдын нэг байсан,
тэрбээр хэзээ ч бууж өгдөггүй бразил хүний үлгэр жишээ байсан” гэдгийг онцлон
тэмдэглэжээ.
Марио Загалло бямба гарагт 92 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр тоглогч ба дасгалжуулагчийн хувиар ДАШТ-д нийтдээ дөрвөн удаа
түрүүлсэн цорын ганц хүн юм. Тухайлбал тоглогчийн хувиар 1958, 1962 оны
ДАШТ-д, 1970 онд Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувиар, 1994
онд туслах дасгалжуулагчийн хувиар тус тус алтан медаль хүртэж байв.
Түүний удирдлага дор Бразилын шигшээ баг 1974 онд ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж, 1998 онд мөнгөн медаль хүртэж байлаа.