ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-04 16:54:26

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Булган суманд ажиллалаа.

 

Өмнөговь аймгийн нийт нутгаар цас их орж өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас арав гаруй суманд ажлын баг томилогдон ажиллаж, сумын онцгой комиссыг хуралдуулан, цаг үеийн талаарх мэдээллийг авч, шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

 


Булган сумын хувьд сүүлийн 10 гаруй хоногт тасралтгүй цасан шуурга шуурч, нийт нутгаар цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн байна. Булган сумын онцгой комисс тус хугацаанд 44 удаагийн дуудлагаар цасанд суусан боогдсон, төөрсөн иргэдийг эрэн хайх үйл ажиллагааг зохион байгуулжээ.


 

Мөн Өмнөговь-Улаанбаатар чиглэлийн авто зам, Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум чиглэлийн автозамын зорчих хэсэг цасан шуургатай, зарим газар зорчих хэсэг битүү цасанд боогдсон, халтиргаа гулгаа ихтэй байгаа тул автозамын зорчих хэсгийн цасыг цэвэрлэн аюулгүй болгон ажиллаж байна. Иргэд зорчигчдыг тус замд хурдаа тохируулан анхаарал сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.



 

Өмнөговь аймгийн Булган сумын Засаг дарга Ц.Буянцэрэг:

-Манай сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл байдал сайн хангагдсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байна. Олон хоногоор цас шуурч цасны зузаан нэмэгдэж байна. Зам хаагдаж малчид өвч тэжээл, шатахууны хомсдолд орж байгаа зэрэг асуудлууд үүсэж байна. Энэ хүнд үед аймгийн онцгой комисс Булган суманд яаралтай ирж ажиллаж байгаад талархаж байна. Айл өрхүүдийн хашаа хорооны хаалга үүд цасанд дарагдаад гарч, орж чадахгүй болсон, гудамж талбай цасан хунгараар дарагдсаныг нээж, цасыг цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах автомашины 1,5 тонн түлш болон малчдын өвс тэжээлийн нөөц хангалтад зориулан тодорхой хөнгөлөлтэй эргэн төлөх нөхцөлтэй 50 сая төгрөгийг шуурхай шийдвэрлэж өглөө. Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын дарга мэргэжилтнүүд хамт ирж арга зүйн зөвлөгөө чиглэл өгч ажилласанд Булган сумын нийт иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. 

Холбоотой мэдээ