Дархан хотын ойн баярыг урлаг, спортын наадмаар эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-26 23:25:17

Дархан хотын шавыг 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьснаар энэ жил 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж аймгийн удирдагуудын шийдвэрээр хотын өдрийг угтсан нэрэмжит ажлуудыг урлаг,  спортын их наадмаар эхлүүлж нээлтийг нь “Дархан-50” цогцолборт хийлээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат их наадмыг нээж хэлэхдээ:- “Хотынхоо 55 жилийн түүхийг хамтдаа бичилцэж буй нийт Дарханчууддаа ойн баярын мэнд хүргэж хотын цаашдын ирээдүй, хөгжил, бүтээн байгуулалтад энэ хотоор овоглодог иргэн, байгууллага бүрийн оролцоо чухал” хэмээн онцлов. Мөн үеэр “Залуучууд” театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн 68 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Кобой бүжиг” хамтлаг, 15 дугаар сургуулийн 450 сурагч “бие биелгээ”, 18 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд “Монгол бүжгийн цоморлог” зэрэг урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Их наадмын соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд тус аймгийн бүх насны иргэд оролцож авьяас чадвараа сорино. Тухайлбал: хотын ой хүртэлх хугацаанд “Хүүхдийн язгуур урлагийн наадам”, “Оюутны урлагийн их наадам” зохиогдох бол 10 дугаар сарын 17-нд “Хот байгуулагдсан өдөр”-ийн хүндэтгэлийн нэгдсэн тоглолт болох юм.

Түүнчлэн энэ хугацаанд гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх зэрэг спортын тэмцээнүүдийг өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулах юм байна. Мөн “Хөгжлийн загвар-Дархан” нэртэй багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, ЕБС-ын сурагчдын дунд “Миний Дархан хотын ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан, “Номын баатрууд амилсан нь” дүрийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.

                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ