ӨМНӨГОВЬ: Англи хэлний илтгэлийн анхдугаар уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-12 10:36:13

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд англи хэлний илтгэлийн уралдааныг 2024 оны нэгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Англи хэлний илтгэлийн уралдааныг Өмнөговь аймгийн Засаг даргын санаачилгаар “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Говийн ирээдүй-хүүхэд” сэдвээр гурван үе шаттай зохион байгуулж байна.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэг, хэрэглээний ур чадварыг дээшлүүлэх,  англи хэл сурах хүсэл эрмэлзлэлийг өрнүүлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой.  

Илтгэлийн уралдааны нэгдүгээр шатыг ерөнхий боловсролын 22 сургуулийн сурагчдын дунд онлайнаар зохион байгуулж, шалгарсан 19 сургуулийн 108 суралцагч хоёрдугаар шатанд илтгэх ур чадвар, мэдлэг оюунаа дайчлан оролцлоо.

 

Илтгэгчид 4-6 минутад говь нутгийнхаа хөгжлийн талаарх үзэл бодол, зорилго, мөрөөдөл, мөн орон нутагтаа тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар олон талт байдлаас нь илтгэлдээ тусган ярьсан юм.

 

Уралдааны гуравдугаар шатанд ахлах, дунд ангиас тус бүр 15, нийт 30 шилдэг илтгэгч шалгарч үлджээ. Гуравдугаар шатны уралдаан 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдана.

 

Ханбогд сумын ЕБС-ийн англи хэлний багш Б.Номинтуул:

-Би Ханбогд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн англи хэлний багш байна. Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит англи хэлний илтгэлийн анхдугаар уралдаанд багаараа оролцож байгаадаа баяртай байна. Бид гурван багш, 13 сурагчийн бүрэлдэхүүнтэй англи хэлний илтгэлийн уралдаанд ирж оролцлоо. Бид бэлтгэлээ маш сонирхолтойгоор, сорилт өндөртэйгээр зохион байгуулж бэлдсэн. Бэлтгэсэн сурагчид маань гуравдугаар шатанд тэнцэж оролцохоор болсонд маш их бахархаж баярлаж байна. Та бүхэндээ баярлалаа.

 


Ханбогд сумын хоёрдугаар сургуулийн 8а ангийн сурагч Э.Цэцэнгоо:

-Миний оролцож байгаа хамгийн анхны том уралдаан байлаа. Жил бүр Ханбогд суманд англи хэлний олон төрлийн уралдаан зохион байгуулдаг. Тухайн уралдаануудад тогтмол оролцдог.

Өмнөговь аймгийн хэмжээний уралдаанд анх удаа оролцохдоо амжилттай оролцож чадсандаа маш их баяртай байна. Бүх хүүхдүүддээ дараагийн шатанд нь амжилт хүсье. Баярлалаа.




Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Мишээл:

-Илтгэлийн олон уралдаан зохион байгуулагддаг ч англи хэлээр огт зохиогддоггүй байсан. Өөрийн англи хэлний мэдлэг чадварыг сориод, анхдугаар уралдаанд оролцлоо. Сэтгэл ханамж өндөр байна. Цаашид жил бүр зохиогдоосой гэж бодож байгаа. Миний илтгэлийн сэдэв усны хомсдолын талаар байлаа. Бид говьд амьдардаг. Говь нутаг маань усны хомсдолд орж байгаа учраас энэ чиглэлд илүү нухацтай хандах хэрэгтэй гэж үзсэн. Энэ асуудалд хүүхэд болон томчуудын оролцоо ямар байх вэ гэдгийг илүү ойлгуулахыг хичээсэн. 

Холбоотой мэдээ