Чухал ашигт малтмалын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-17 11:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК, БНСУ-ын “Кум Яанг” ХХК нь хоёр улсын хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах гэрээний нөхцөлийг бүрдүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Ингэснээр талууд чухал ашигт малтмалын хамтарсан судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, семинар зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Монгол" компани мэдээлэв.



"Эрдэнэс Монгол" нэгдлээс газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нэмэртэй гэж үзэн, зах зээлийн чиг хандлага, нөөц нэмэх боломж, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогод тулгуурлан чухал ашигт малтмалуудаар Неодиум (Nd), Диспрозиум (Dy), Лити (Li), Никель (Ni), Зэс (Cu), Жонш (CaF2), Вольфрам (W), Төмөр (Fe)-ийг тодорхойлжээ.



Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан айлчлалын үеэр хоёр улсын хооронд ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсний дагуу өнгөрсөн 11 дүгээр сард Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг байгуулсан билээ

Холбоотой мэдээ