Европ руу агаарын замаа тэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа.
Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг
үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ, Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж
бүрдэж байна.
Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их
Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын
хэлэлцээрийг 2000 оны 3 дугаар сарын 1-нд байгуулж байжээ. ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай
холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын
Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм.
Талууд энэ удаагийн уулзалтаар агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр зэрэг
салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцсан байна.
Шинэчлэн
байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь “Хууль, дүрэм дагаж мөрдөх”,
“шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран
ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт
агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн
байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ заалт нэмэгджээ. Мөн нисэхийн аюулгүй байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын
ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч
талууд тухай заалтуудыг тусгажээ.
Ингэснээр хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид дурын
агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн
нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн
хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр боллоо. Хоёр талын томилогдсон агаарын
тээвэрлэгчид Европ, Төв Азийн
доорх цэгүүдэд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг
үйлдэхээр тохирсныг ЗТХЯ мэдээллээ.
Европ дахь цэгүүд: Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцар, Турк, Украин
Төв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.
Одоогоор
ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг
үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК
томилогдоод байна.
Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд “Агаарын
харилцааны тухай хэлэлцээр” шинэчлэн байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг
гүйцэтгэхээс гадна Европ, Төв
Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдлээ.