БАЯНХОНГОР: Туршилтын бүтээгдэхүүнээ амжилттай гарган авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-24 12:31:19

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ ингэний шингэн сүүг олон улсын стандартын дагуу хатааж хуурайшуулан хуурай сүү гаргаж авчээ.


Ийнхүү туршилтын бүтээгдэхүүнээ гарган авах үе "Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн, баяр наадам давхацсан бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай УИХ-ын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ХХААХҮЯ-ын Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун нар танилцлаа.

 

Мөн үеэр үйлдвэрийнхэн дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдахаас гадна экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарч, үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байгаагаа илэрхийлэв.


Баянхонгор аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, гадаад дотоодын  хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн өсөлтөө сайжруулан, малчид иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангасан. Энэхүү ажлын нэгэн хэсэг нь энэхүү үйлдвэрлэл юм. Тус үйлдвэр орон нутагт хөрөнгө оруулах, малчдын амьжиргааг дэмжих чухал бодлогуудын нэг бөгөөд ийнхүү бүтээгдэхүүнээ амжилттай гаргаж эхэллээ.


Олон талын өндөр ашиг шим бүхий ингэний хуурай сүү нь олон улсын зах зээлд 1кг тутам нь 100 долларын өртгөөр худалддаг, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнд багтдаг. 


Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг цагт 500 литр буюу өдөрт 4 тн шингэн сүүг хатааж, олон улсын зах зээлд нийлүүлэх тооцооллыг гаргажээ.


Тус үйлдвэр эхний ээлжид БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд цаашлаад Европын Холбооны зарим улс орон, Арабын Нэгдсэн Эмират Улсын зах зээлд ингэний хатаасан сүүн бүтээгдэхүүн гаргах судалгаа хийж байгаа аж.

Холбоотой мэдээ