ДУНДГОВЬ: Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын туруутан амьтдад 1040 кг хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-08 15:48:01
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас нэгдүгээр сард тус цогцолборт газрын уулын туруутан аргаль янгирт 1040 кг хужир, 100 кг долооц, 20 боодол өвсийг тодорхой цэгүүдэд тавьж өгчээ.


Дундговь аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүнд, тухайлбал, Ерлөг уул, Их газрын чулууны ууланд цасны зузаан талдаа 6-8 см, жалга судгаар 20-30 см байна. 2023 оны зун өвсний гарц сайн байсан тул уулын орой тагтаараа зэрлэг амьтдын хоол сайн байгаа хэдий ч уулын туруутан зэрлэг амьтдын эрдсийг нөхөх шаардлагатайг хамаалалтын захиргаанаас онцолсон. Тиймээс тус байгууллагын хамт олон энэ жил гар аргаар 3 тонн хужир бэлтгэжээ.


Их газрын чулууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 175,906 га талбайг хамран үйл ажиллагаа явуулдаг.


2023 оны хаврын тооллого, судалгаагаар тус цогцолбор газарт 191 янгир, 65 аргаль байсан бол намрын тооллого судалгаагаар тэх, ямаа, ишиг, угалз, хомь, хурга гээд нийт 300 гаруй бодгаль тоологдсон байна. 

Холбоотой мэдээ