Монгол Улсад Ардыг гэгээрүүлэх яам байгуулсны 100 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-16 17:35:36

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагыг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой энэ сарын 14-нд тохиолоо. 


Ардын Засгийн газрын 1923 оны 53 дугаар тогтоолоор Дотоод хэргийн яамны сургуулийн хэлтсийг Судар бичгийн хүрээлэнтэй нэгтгэн тусгай яам байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүний дагуу Ардын Засгийн газрын 1924 оны 31 дүгээр тогтоолоор “Ардыг гэгээрүүлэх яам”-ыг байгуулах тухай шийдвэрлэж, улмаар 1924 оны 2 дугаар сарын 27-ны өдөр /цагаан сарын шинийн нэгэнд/ тус яамны тамгыг хүлээн авч, яамыг нээж, хэрэг шийдэж явуулсан тухай Ардын засгийн газраас яамд, аймгийн яамдад мэдэгджээ.


Мөн, олноо өргөгдсөний 14-р оны нэгдүгээр сарын 19 буюу 1924 оны хоёрдугаар сарын 14-нд Гэгээрлийн яам байгуулсан тухай Дотоод яамны айлтгал бичигт: “Монгол Улсын Засгийн газрын Ардын гэгээрүүлэх яамны тамгыг хамаарсан эрхэлсэн түшмэл Батханд илгээв” хэмээжээ.


Мөн нутгийн захиргаанаас дүрэм ёсоор хошуу бүр сургуулийг нээн байгуулбаас зохихоос гадна манай засгийн газраас сургуулийн хэргийг чухал болгон ард олныг нийгмээр нь бичиг эрдэмд боловсруулан гэгээрүүлэхийг гол болгож бүхий тул энэхүү их хэргийг манай нэгэн хэлтсээс зорилгод тавтай нийлүүлэн сургуулийг хоосон үгний чимэг болгохгүй, харин сайнаар эрхлэн явуулахад үүрэг нь үнэхээр хүнд болох дээр чухал хэргийг хийдүүлэхэд хүргэх тул бүх сургуулийн хэргийг эрхлэн захирах тусгай газар байгуулбаас зохих болов уу? хэмээх санааг илтгээд...


Яамны сайдад гүн Жамьян, зөвлөх түшмэлд Жамсранов, Эрхэлсэн түшмэлд Батхан нарыг тус тус сонгон тогтоохоор тогтож... Гүн Жамьянгийн бие энэ завсар Судар бичгийн хүрээлэнгийн хэргээр Бээжин зэрэг газраа одсон зүйл бий тул түүний биеийг хүрч иртэл тамга, хэргийг Эрхэлсэн түшмэл Батхан дор хамааруулан хэргийг шийтгүүлсүгэй” гэжээ.


Дээрх баримтуудаас харахад, Жамьян гүнг Бээжинд албан ажлаар явах зуурт тус яамны эрхэлсэн түшмэл Эрдэнэбатхан сайдын үүрэгт ажлыг түр хамааран гүйцэтгэсэн ба Жамьян гүн Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар 1924 оны 2 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл ажилласан байна.


С.Жамьян сайд хүүхэд багачуудыг монгол үсэгт сургах “Цагаан толгой оршвой”, “Монгол үсэгт сургах цагаан толгой” дэвтэр, “Монгол үсэгт сурах ба хөвгүүдийн сурлагыг удирдах мөрийн боть хэмээх цагаан толгой оршвой” зэрэг сурах бичиг, “Тоо бодлогын анхан сурагчдын зам хэмээх бичиг” хэмээх сампин бодлогын номыг өөрөө зохион гаргажээ.


С.Жамьян гүн сайдаар ажиллах хугацаандаа ардын гэгээрлийн цаашид хэрэгжүүлэх талаар олон санаачилгыг гаргаж, улсын бага сургууль, ардын сайн дурын сургуулиудын ажлыг өргөжүүлж, оюутны сургуулийг Багшийн сургууль болгон өргөтгөснөөр орчин цагийн боловсролын тогтолцооны суурь болох “сургууль-сурагч-багш” гэсэн тулгын гурван чулууг тулжээ. Энэ үед нягтлан бодох, хоршоо, мал эмнэлэг, сувилагчийн, хууль цаазын мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн байна.


Ардыг гэгээрүүлэх яамнаас Засгийн газар, Улсын их хурлуудад илтгэсэн тайлан илтгэлд дурдсанаар, “Нийслэл болон аймаг хошуудад 12 бага сургуулийг 600 сурагчтайгаар, Улаанбаатарт дунд сургууль нэгийг тус тус байгуулсан” бол 1925 оны намар улсын хэмжээнд 25 сургуульд 1550 сурагч суралцаж байжээ.



.

Холбоотой мэдээ