ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд цэргийн хүрээний байгууллагад 400 гаруй эмэгтэй ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-28 10:38:03

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Онцгой байдлын алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойг угтан Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор “Мөрдөстэй бүсгүйчүүд” чуулга уулзалт зохион байгууллаа.

 

Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн ОБГ-аас санаачлан Даланзадгад сумын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 300 гаруй эмэгтэйг хамруулан хоёрдугаар сарын 26-27-ны өдөр хийлээ.

 



Өмнөговь аймаг дахь цэргийн хүрээний байгууллагад нийт 400 гаруй эмэгтэй эх орны халдашгүй дархан байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө ажиллаж байна. 


Чуулга уулзалтын үеэр албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж бусдыгаа манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулсан бөгөөд төрийн тусгай байгууллагад 45 жил тасралтгүй ажилласан ахмад, онц хилчин Гэндэнгийн Чимэдцэрэнд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ.


 

 Өмнөговь аймгийн ОБГ-ын дарга М.Адьяабаатар


Энэ онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүний нэг гол ажил бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрүүдийг угтан зохион явуулж буй Даланзадгад цэргийн хүрээний болон хууль сахиулах байгууллагын мөрдөстэй бүсгүйчүүдэд хүндэтгэл илэрхийлэх, тэдний ажил үйлийг сурталчлан таниулах, сургалт сурталчилгаанд хамруулах зорилгоор зохион байгуулж байгаа "Мөрдөстэй бүсгүйчүүд" чуулга уулзалт юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор чуулга уулзалтыг хоёр өдрийн турш зохион байгуулж байна. Үйл ажиллагааны үеэр одонтой болон өрх толгойлсон эхчүүд, ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний алба хаагч эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулах, тэтгэлэгт хамруулах ажлыг хийлээ. Эх орныхоо амар тайван, аюулгүй, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албыг эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн хамгаалж явдаг жагсаалын чимэг эрхэм бүсгүйчүүдээрээ бахархаж байна. Та бүхэндээ их амжилт ерөөе.

 

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагч Б.Номингэрэл


Би хил хамгаалах байгууллагад нийтдээ 23 жил, үүнээс мөрдөс зүүгээд 15 дахь жилдээ ажиллаж байна. Эрчүүдтэйгээ хамтраад эх орныхоо халдашгүй дархан байдлаа хамгаалан ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Энэ насны минь бахархал билээ.

Энэхүү "Мөрдөстэй бүсгүйчүүд" чуулга уулзалт өргөн дэлгэр сайхан болж байна. Зохион байгуулсан Өмнөговь аймгийн ЗДТГ болон ОБГ-ын хамт олонд нийт бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Эх орны минь хил хязгаар амгалан байг ээ. 

Холбоотой мэдээ