Хаитид 674 сая долларын тусламж үзүүлэхийг НҮБ уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК, 2024
оны хоёрдугаар сарын 28 /AFP/. Хаитид хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулан 674 сая ам.доллар
хандивлахыг НҮБ олон улсын хамтын нийгэмлэгээс хүслээ.
Тус улсад олон жилийн турш үймээн самуун дэгдсээр байгаа бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд газар нутгийн зарим хэсгийг эзэлж, хүчирхийлэл газар авсны улмаас эдийн
засаг, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо маш хүнд байдалд ороод байгаа юм.
2021 онд тус улсын ерөнхийлөгчийг хөнөөсөн нь эмх замбараагүй байдлыг улам гааруулжээ. Зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдэж буй хүчирхийлэл газар авч,
засгийн газрын хүч оролцоо улам суларсаар байгаагийн улмаас өнгөрсөн онд хямрал ноцтой гүнзгийрснийг НҮБ
анхааруулж байна.
Аюулгүй байдал улам алдагдаж, иргэдийн үндсэн суурь хэрэгцээг хангах тогтолцоо нуран унахын ирмэг дээр
ирж, олон жил нүүрлэсэн
ган гачиг, байгалийн гамшгийн нөлөөгөөр 2024 онд 5.5 сая хаитичууд нэн эмзэг байдалд орох төлөвтэй байгааг НҮБ дурджээ.
Эдгээр хүмүүсийн
3.6 саяд нь туслахаар тооцоолсон төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 673.8 сая ам.доллар шаардлагатай
байна. Хаитийн хүн амын 45 хувьд нь хоол хүнс хүрэлцэхгүй байгаа
бол 250 мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд оржээ. Ингэснээр Хаити улс “хүнсний
хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын нэг” болж байна.
Мөн хүн амын
бараг тэн хагас нь ундны усаар гачигдсаар байгаа нь сүүлийн жилүүдэд
холерын тархалтад нэрвэгдээд буй улс орны хувьд сэтгэл нэн түгшээсэн асуудал
болж байна. Цагдаа нарт хяналтаа эргүүлэн тогтооход нь туслах зорилгоор НҮБ олон
үндэстний аюулгүй байдлын хүчнийг Хаити руу илгээхийг зөвшөөрсөн юм. Гэвч Кени улсын удирдан явуулах уг ажиллагаа нь логистикийн бэрхшээл,
Найробид үүссэн хууль эрх зүйн асуудал, санхүүжилтийн хомсдол зэргээс шалтгаалан хэдэн сарын турш саатсаар байна.