БАЯНХОНГОР: Шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-05 11:13:31

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2023 онд осол гэмтлийн өвчлөлийн 1161 тохиолдол бүртгэгдэж, 10 мянган хүн амд 130.9 байгаа нь (2022 онд 125.6) өмнөх оноос нэмэгдсэн байна.


Бүртгэгдсэн осол гэмтлийн өвчлөлийн 70.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж, 15 хүртэлх насны 279 хүүхэд осолд өртжээ. 


Эдгээр осол гэмтлийн үед төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хүргэж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт шаардлагатай багаж төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гардуулан өгч, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Гэмтлийн үеийн мэс засалд хэрэглэдэг хагалгааны багаж буюу ясны хөрөө, дрилл зэргийг 34 сая төгрөгийн өртгөөр нийлүүлж байгаа аж.


Тус тасаг нь гэмтэл бэртлийн үеийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна 2019 оноос хойш өвдөг, түнхний үе солих 20 гаруй төрлийн хагалгааг амжилттай хийгээд байна.

Холбоотой мэдээ