Хаити улс руу энхийг сахиулагчдыг илгээхийг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА, 2024 оны гуравдугаар сарын 5 /Reuters/. Нийслэл Порт-о-Пренс хотынх нь шоронгоос хэдэн зуун хоригдол оргоод байгаа Хаити улс руу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолын дагуу энхийг сахиулах хүчнийг илгээхийг Бразилын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Гуравдугаар сарын 3-ны бямба гарагт зэвсэгт бүлэглэлүүд Порт-о-Пренс дэх Хаитигийн гол шорон руу халдаж, хэдэн зуун хоригдлыг суллажээ. Эрх баригчид даваа гарагт нийслэлд онц байдал, хөл хорио тогтоосон байна. Урьд шөнө буюу гуравдугаар сарын 5-ны шөнө зэвсэгт бүлэглэлүүд Порт-о-Пренс хотын захад орших Туссен Лувертюрын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлыг булаан авахыг оролджээ.
Хаити улс руу энхийг сахиулах хүчнийг илгээх тухай тогтоолыг НҮБ-ын АЗ өнгөрсөн оны 10 дугаар сарын 2-нд баталжээ. Энхийг сахиулагчид зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаанд оролцох ёстой байв. Тогтоолд заасны дагуу НҮБ-ын ажиллагааг зохион байгуулах гол үүрэг Кени улсад оногдсон байна.
2004-2017 онд Бразил улсын удирдлага дор Хаитид цэргийн ажиллагаа явуулж байжээ. Тус улсад илгээж байсан цэргийн бие бүрэлдэхүүнд 2366 алба хаагч, 2533 цагдаа, түүнчлэн энгийн алба хаагчид болон НҮБ-ын сайн дурын ажилтнууд багтсан байна. 2017 онд НҮБ-ын шинэ ажиллагааны хүрээнд тэднийг Энэтхэгийн цэргийн алба хаагчдаар сольж, Энэтхэгийн цэргүүд 2019 он хүртэл Хаитид үүрэг гүйцэтгэжээ.