БАЯНХОНГОР: Бөөнцагаан нуурт 163 зүйл шувуу нутаглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-07 09:31:03

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөөнцагаан нуур орчимд 15 баг, 37 овог, 100 төрлийн 163 зүйл шувуу байгааг судлаачид бүртгэжээ.


Амьдрах хэлбэрийн хувьд суурин амьдралтай 22, нүүдлийн /өндөглөн зусдаг/ 68, нүүдлийн /өндөглөдөг эсэх нь тодорхойгүй/ 6, зун байдаг боловч өндөглөдөггүй 16, тохиолдлын байдлаар хааяа орж ирдэг 13 зүйл шувуу байгаа аж. Тус нуурт нутаглаж байгаа шувуудын төрөл зүйл сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой байгаа юм.


Бөөнцагаан нуур, түүний орчмоор бүртгэгдсэн шувуудын дунд тоо толгойн байдлаар эрс цөөрсөн, ховор, Монгол Улсын улаан ном, Азийн улаан номд ба CITES, CMS-ын хавсралтуудад орсон, агнахыг хориглосон шувуу нэлээд байдаг байна. Үүнээс Монгол Улсын улаан номд багтсан 14 зүйл шувуу байгаа аж.



Баянхонгор аймгийн Баацагаан сумын газар нутагт байх Бөөнцагаан нуур Монгол орны хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог. Нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. Бөөнцагаан нууранд олон төрлийн шувууд хуран цугладаг дэлхийд гайхагдсан ховор газар.


Олон улсын улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэдэг байна. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг энд харж болно.

Холбоотой мэдээ