ӨМНӨГОВЬ: Төрийн шагналт, зохиолч С.Удвалыг алдаршуулах өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын төр, нийгэм, соёлын нэрт
зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил
амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор нэрэмжит үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ жил нэрт ахайтны 103 жилийн ой тохиож байгаа юм. Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдралын гараа Өмнөговь аймагтай салшгүй холбоотой.
Тиймээс
Өмнөговь аймгийн ЗДТГ болон Соёл урлагийн газар хамтран олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "ХХ зууны суут эмэгтэй
Сономын Удвал" өдөрлөгийг Даланзадгад суманд гуравдугаар сарын 6-ны өдөр
зохион байгуулж, салбар салбарын төлөөлөл 150 эмэгтэй оролцлоо.
Өдөрлөгт С.Удвалын 90 насны ойд зориулан “Цагийг эзэлсэн хатагтай” номыг бичсэн Төрийн
шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун болон С.Удвалын
100 насны ойд зориулсан зурагт, альбом номыг гаргасан “Чингис хаан” үндэсний
музейн дэд захирал, Түүхийн ухааны доктор, яруу найрагч На.Батболд нар урилгаар
оролцож, нэрт зохиолчийн амьдрал, уран бүтээл, үйл хэргийг
танилцуулж, дурсамж яриа өрнүүллээ.
Мөн Өмнөговь аймгийн архив болон төв номын санд хадгалагдаж
буй баримт материал, ном бүтээл, “Улаан цэцэг” киноны зураг болон бусад
материал, доктор На Батболдын уран бүтээлийн
хэсгээс дэлгэн үзэсгэлэн гаргажээ.