АРХАНГАЙ: Хуванцар савны хэрэглээг 25 хувиар бууруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-13 12:45:21

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улс орон даяар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг хэрэгжүүлж, олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Үүний нэг зорилт нь хүнс хадгалах савыг өөрчлөх юм.


Хүнсний зориулалтын бус савны хор хөнөөлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хэрэглэгчдэд чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө, сурталчилгаа муу байдаг байна. ДЭМБ-ын судалгаагаар нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашигладаг тооцоо гарсан байна.


“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүнсний зориулалтын бус савны хэрэглээг багасгах зорилтын хүрээнд Архангай аймаг “Хөх сав, канистергүй аймаг, сум” хөдөлгөөнийг үргэлжлүүлж, нэг өрхийн зориулалтын бус хуванцар савны хэрэглээг 25 хувиар багасгах, сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, малчин өрхүүдийг хүнсний зориулалтын сав үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй холбох ажлыг зохион байгуулах, хүнсний сав, баглаа боодлын хэрэглээний талаар хэрэглэгчдэд чиглэсэн зөвлөмжийг түгээх зэрэг ажлыг өнгөрсөн оноос төлөвлөн хэрэгжүүлж байна.   


Тухайлбал, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг багасгах нөлөөллийн ажлыг өнгөрсөн онд түлхүү хийж, эхний ажил болгон малчин эмэгтэйчүүдийг бүсчлэн сургалт зохион байгуулж, сүү, цагаан идээ боловсруулах сав бүрийг төмөр, ган саваар сольж өгсөн юм.  


Зориулалтын бус савны хэрэглээг багасгахаар “Чиглэл” ХХК-тай хамтарч ажилласан бөгөөд үүний үр дүнд Ихтамир сумын  цагаан идээ үйлдвэрлэлийн "Үлэмж бадрах сүү" ХХК 30 сая төгрөгийн тоног төхөөрөмж, ган савыг худалдан авсан байна. Мөн малчин эмэгтэйчүүд өөрсдийн хэрэглээнд тохирсон ган савыг худалдан авчээ.

 

Энэ мэтчилэн иргэд зөвхөн сүү, цагаан идээ хийх, боловсруулах ажилд бус ундны ус хадгалах саваа төмөр саваар сольж эхлээд байна.

 

Энэ жил хүнсний зориулалтын савны хэрэглээг багасгах ажлыг үргэлжлүүлнэ.

Холбоотой мэдээ