Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-03-20 09:53:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад буюу энэ сарын 20, 21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч энэ сарын 22-ноос баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.


Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт анхааруулахад малаа ойрын бэлчээрт бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, онц шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, дулаан хувцас, хоол хүнсний нөөцтэй явах, бага насны хүүхдийг авч явахгүй байх, баталгаагүй зам, гүүр гарамгүй газраар зорчихгүй байх, гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын гаргаж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг ОБЕГ анхаарууллаа. 


2024 оны 3 дугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. Ихэнх нутгаар энэ сарын 23-наас хүйтэрнэ.

Холбоотой мэдээ