ӨМНӨГОВЬ: "Эрдмийн хишиг" аян үндэсний бичгээ сурталчлан таниулах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-25 16:34:32

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат АБТА Х.Гончигринчиний нэрэмжит “Эрдмийн хишиг” аяныг 16 дахь жилдээ Цогт-Овоо суманд энэ сарын 23-нд зохион байгуулж, ерөнхий боловсролын 17 сургуулийн монгол хэл, бичгийн 94 багш, 152 суралцагч, 28 сонирхогч оролцжээ.

 

Аяны хүрээнд хэл бичгийн ухааны эрдэмтэн, доктор багш нар уригдан ирж, хөдөө орон нутагт ажиллаж буй монгол хэл бичгийн болон бага ангийн багш нарт чадавхжуулах сургалт, туршлагаа солилцох, мэдлэг оюунаа уралдуулах, хамтран суралцах, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион явууллаа.




Бага, дунд, ахлах ангийн суралцагчдын эх хэлний “Эрдмийн хишигтэн”, хичээнгүй бичигтэн кирилл хос бичиг, уран бичигтэн,  монгол хэл, уран зохиолын багш нар болон насанд хүрэгчдийн дунд хичээнгүй бичигтэн, уран бичигтэн зэрэг төрлүүдээр аваргуудаа шалгаруулж, “Түүчээ хамт олон”, “Түүчээ багш”, “Түүчээ сурагч”-ийг мөн тодруулжээ.

  

Ахлах ангийн суралцагчдын төрлийн тэргүүн байрт Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн сурагч А.Энхриймаа, дэд байрт Цогтцэций сумын сургуулийн сурагч Б.Нандинцэцэг, гутгаар байрыг Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн сурагч О.Нандин-Эрдэнэ нар эзэлсэн бол дунд ангийн төрөлд Цогтцэций сумын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Дөлгөөнгүнж, дэд байрт Даланзадгад сумын хоёрдугаар сургуулийн С.Гоомарал, гутгаар байрт Цогт-Овоо сумын сургуулийн сурагч Э.Амин-Эрдэнэ шалгарчээ.

 

Харин сонирхогчдын төрөлд Даланзадгад сумын тавдугаар сургуулийн ажилтан И.Цогзолмаа, Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн мэргэжилтэн Х.Энхбат, Цогт-Овоо сумын сургуулийн ажилтан Т.Эрдэнэцэцэг нар шалгарлаа.


 

Түүчээ хамт олноор Даланзадгад сумын тавдугаар сургууль, Түүчээ сурагчаар Манлай сумын сурагч Б.Хүслэн, Түүчээ багшаар Ханбогд сумын хоёрдугаар сургуулийн багш З.Оюумаа нар тодорлоо.


Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа билээ.

 


Тус зорилттой уялдуулан “Эрдмийн хишиг” аяныг 16 дахь жилдээ хэрэгжүүлж, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн хичээлийн заах арга зүйг сайжруулах зорилгоор бийрэн бичлэгийн үзүүлбэр, заах арга зүйн олон төрөлт уралдаан тэмцээнийг зохион байгуулснаараа үйл ажиллагаа онцлогтой боллоо.

 

Холбоотой мэдээ