СЭЛЭНГЭ: Өсвөр үеийнхэнд зориулсан кабинетаар дамжуулан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-29 15:13:03

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулсан кабинетын үйл ажиллагааг өргөжүүлжээ.

 

Тус кабинетаар дамжуулан аймгийн төвийн ЕБС-ийн багш сурагчид, ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн коллежийн оюутан залууст нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна оюутан, сурагчдын хүссэн сэдвээр сургалт, мэдээлэл өгөх, харилцан ярилцах чиглэлээр өргөжүүлсэн байна.

 

Энэ удаа Сүхбаатар сумын улсын тэргүүний ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 8-р ангийн сурагчид үйлчлүүлж, кабинетын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ эрүүл зөв хооллолт, өглөөний цайны ач тус, ямар хүнснээс хэрхэн татгалзах зэрэг сонирхолтой сэдвээр сургалтад хамрагдсан байна.

 

Мөн “Дэлхийн эмч нарын өдөр”, “Сувилагч нарын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэдэг, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хэрхэн эмч, сувилагчийн мэргэжил эзэмшиж болох зэрэг сонирхсон асуултынхаа хүрээнд чөлөөтэй ярилцлага өрнүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх энэхүү кабинетыг НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөр хамтран байгуулаад нэг жил болж байгаа юм.  

Холбоотой мэдээ