Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд авсан буудайн үнийн 40 хувийг эхэлж олгоно 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-04 00:20:27

“Бид эх орныхоо хөрсөнд тариалсан, эрүүл, сайн чанарын улаан буудайгаа нэг тонныг нь 560.000 төгрөгөөр худалдан авна” хэмээн мэдэгдсэн шийдвэрийг тариаланчид маш их баяртай хүлээн авлаа.

Сэлэнгэ, Төв, Булган аймгийн тариаланчид оролцсон уулзалт, зөвлөлгөөн 9 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт болсон юм. Энэхүү уулзалт зөвлөлгөөнийг Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо”, ХХААХҮ-ийн яамтай хамтран "Намрын ургац хураалтын үйл явц, тулгарч буй тулгамдсан асуудал" сэдвийн дор зохион байгуулжээ.

Тус зөвлөлгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮ-ийн Яамны газар, хэлтэс болон Сэлэнгэ, Булган, Төв аймгийн Засаг дарга, ХХАА-н газрын дарга нар, тариалан эрхлэгч нарын төлөөллүүд оролцсон байна. Ургац хураалтын ажил улс даяар ид өрнөж байгаа энэ цагт тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг сонсож шийдвэрлэх, ХХААХҮ яамны цаашдын бодлого, шийдвэрийг танилцуулах зорилготойгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан нь  онцлог юм.

Уулзалтаар улаанбуудайн үнийн асуудал хамгийн анхаарал татсан асуудал болж байв. Тариаланчдын зүгээс уулзалт зөвлөлгөөний үеэр буудайг өртгөөс нь дээш үнээр борлуулах, буудайн үнийг тогтоож өгөх, гаднаас буудай оруулж ирэхгүй байх зэрэг хэд хэдэн томоохон асуудлыг тавьж байлаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: “Тариаланчдынхаа хөдөлмөрийн үр шимээр эх орныхоо эрүүл хөрсөнд тарьж ургуулсан сайн чанарын улаанбуудайг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас нэг тонныг нь 560 мянган төгрөгөөр, 2, 3, 4-р зэргийн улаан буудайг чанараас нь хамаарч 540, 520 гэх мэт үнээр авна гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед 100 хувь мөнгийг нь олгох боломжгүй. Эхлээд 40 хувь, дараа нь 30, 30 хувиар хувааж олгоно. Мөн тариаланчид буудай хадгалах агуулах савны хүрэлцээ хангамж муутай учир ТЭДС-аас тариаланчдад өөрийн буудайн сав агуулахаар тусламж үзүүлэхийг хүслээ. Үүний хариуд гарсан урсгал зардлыг тариаланчид өөрсдөө төлөөд явбал болно гэж ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн хариуллаа.  

Энэ жил ургац арвин байгаа учир улаанбуудайны нийт хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Тариаланчид буудай тариалах өртөг, үнэ тоног төхөөрөмж газар зүйн байрлалаас хамааран 320-480 мянган төгрөг болж байна. Гэтэл гурилын үйлдвэрүүд ХХААХҮЯаманд улаанбуудай авахаар ирүүлсэн үнийн санал нь 315-440 мянган төгрөг байгааг энэ үеэр хэлж байлаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ