ДОРНОГОВЬ: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-02 15:46:50

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Цагдаагийн газар, Автотээврийн төвтэй хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрэл-хулгайн тээвэр-бүс” нөлөөллийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-нээс зохион байгуулж байна.


Энэ ажлын хүрээнд замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар бүлгийн “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх” журмын хэрэгжилтийг хангах, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлтой зорчих дадал хэвшлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах юм.


Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 177 зам тээврийн осол бүртгэгдэж, үүний улмаас 28 хүн амиа алдсан статистикийн мэдээ байна. Гарч байгаа ослын 60-70 хувь нь орон нутгийн замд жолооч гэрлээ шилжүүлээгүйн улмаас өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн гялбаанд орж, зорчих хэсгийн баримжаа алдсанаас болж гардаг болохыг албаныхан тогтоожээ.


Тиймээс гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, байрлал, гэрэлтүүлэх хүч, зориулалтын бус нэмэлт гэрэл зэргийг замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартад нийцүүлэн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шөнийн цагаар жолоо барихдаа гэрлээ байнга шилжүүлж зөв, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт уриалав.



Холбоотой мэдээ