Эрүүл мэндэд тустай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж шинэ шатанд гаргана

ТОЙМ
uranatuya@gmail.com
2024-05-17 16:31:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ хариуцлагатай биелүүлж буй “АПУ Дэйри” ХХК амин дэмээр баялаг Baby Shark сүү худалдаанд гаргаад удаагүй байна.


Хүүхдэд зориулсан сахаргүй, амин дэмээр баяжуулсан хоёр төрлийн энэ шинэ сүүний орц найрлагад байгалийн гаралтай стевиа хэмээх чихэрлэг амт оруулагч ашигладаг учир хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хүнсний аюулгүй байдалд нийцсэн бүтээгдэхүүн болжээ.  Стевиа нь энгийн цагаан сахараас 280 дахин чихэрлэг, 300 дахин бага илчлэгтэй бүх насныхан хэрэглэхэд аюулгүй, хүүхдийн шүдний пааланг гэмтээдэггүйгээрээ давуу талтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм байна. 

Байгалийн гаралтай орцоор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хоол хүнс, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд нийлүүлэхийг зорьж буй “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, “Бид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ илүү дэвшилтэт, үндэсний хэв маягийг хадгалсан байдлаар явуулж, чанар стандартыг дэлхийн түвшинд хүргэхийг зорьж байна. Манай компани орчин цагийн хөгжлийг түүчээлж, үргэлж шинийг эрээлхийлэхийн зэрэгцээ монгол хүний эрүүл мэндэд ашиг тустай сүүн бүтээгдэхүүнийг хөгжүүлж шинэ шатанд гаргахыг хичээж байгаа. Мөн монголчуудынхаа эрүүл мэндийг өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүнээр дэмжих хариуцлагатай үүргийг бид хүлээдэг” гэв.


Аливаа бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд сав баглаа чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ утгаараа “АПУ Дэйри” ХХК хүний биед хэрэгтэй чухал амин дэмүүдийг агуулж байдаг сүүний хэрэглээг нэмэхийн тулд жижиг савлагаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Аль ч насны хүн ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой авсаархан савлагаатай  “Дээж” сүү, “PRO+” лактозгүй сүү нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэж байгаа юм.


“АПУ Дэйри” компанийн төлөвлөлтийн ахлах инженер  В.Ариунбат,  "Манай компани 2024 оны нэгдүгээр сард 250 мл тетрапак савлагаатай сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж суурилуулсан. Залуу инженерүүдийн маань суурилуулсан энэ машин цагт 9000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хүүхдэд зориулсан Д витаминтай сүү, лактосгүй сүү зэргийг үйлдвэрлэж байна. Нэг удаагийн хэрэглээнд илүү тохиромжтой, хэрэглэхэд хялбар, хаана ч аваад явахад тохиромжтой савлагаатайгаар үйлдвэрлэж байгаа нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нэг хэлбэр гэж ойлгож болох юм" гэж ярилаа.

Хүн 250 мл сүү уухад өдөртөө авах шаардлагатай кальцийн 28 хувь, В2 амин дэмийн 26 хувь, В12 амин дэмийн 18 хувь, калийн 10 хувь, фосфорын 22 хувь, селений 13 хувийг авдаг байна.


Монгол бяслаг

"АПУ Дэйри" ХХК-ийн “Монгол бяслаг-Шигүдэри” урлах үйлдвэр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсдаа хүчин чадлаараа хамгийн томд тооцогдох европ стандарт бүхий, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэ үйлдвэр байгуулагдсанаар орон нутагт шинэ ажлын байр бий болгосноос гадна, Мандал сумын малчдаас сүүгээ тогтмол татан авч, хамтран ажиллах замаар орон нутгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа юм.


“АПУ Дэйри” ХХК-ийн брэнд маркетингийн албаны дарга Д.Амарцэцэг:

-Монгол хүний хувьд сүүн бүтээгдэхүүнийг маш эртнээс өдөр тутамдаа хэрэглэж ирсэн боловч сүүлийн үед хэрэглээ нь нэлээд буурсан байна. Европын болон азийн орнуудтай харьцуулахад ч сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ багатайд тооцогдож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүн өдөртөө дор хаяж 250 мл сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байж сүүнд агуулагдах хэрэгцээт шим тэжээлийг авч чадна гэсэн тооцоог гаргасан байдаг. Гэтэл монголчуудын хувьд өдөрт дунджаар 70-80 мл сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байна. Манай компанийн зүгээс хэрэглэгчдэдээ сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ аль болох нэмэгдүүлж өөрийн эрүүл мэндээ дэмжихийг зөвлөдөг. Бяслаг гурван орцтой бүтээгдэхүүн. Үнээний зуун хувийн цэвэр сүү, тухайн бяслагны хөрөнгө, давс гэсэн гурван үндсэн орцтой байдаг. Манай үйлдвэрийн “Хонин нуга” брэндийн бяслагийн үндсэн түүхий эд болох сүүг Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчид нийлүүлж байгаа. Дэлхийд хоёрхон байдаг давсан уулын нэг болох Увс аймгийн Шүдэн уулын давсыг бид бяслагныхаа нэг орц найрлага болгодог. Харин хөрөнгийг нь европын суудаас нийлүүлж байна. Манай улсад борлуулагдаж байгаа бяслагны 70-80 хувь нь импортынх. Мөн тэдгээр бүтээгдэхүүний дийлэнх нь бяслаг төст бүтээгдэхүүн байдаг. Харин бид энэ үйлдвэрлэлийг эхлүүлснээрээ сүүнд байдаг шим тэжээлт бодисуудыг бүрэн дүүрэн агуулсан, эх орондоо үйлдвэрлэсэн, монгол малынхаа сүүгээр үйлдвэрлэсэн амт чанартай бяслаг өдөр тутамд хэрэглэх эхлэлийг тавиад байна.



Лактозгүй сүүний үйлдвэр Монголд анх удаа

"АПУ Дэйри" компани 2022 онд Монголдоо анх удаа лактозгүй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо хэрэглэгчдийн өдөр тутмын гол нэрийн бүтээгдэхүүн болж чадсан байна.

 

Энэ төрлийн сүүг үйлдвэрлэлд нэвтрүүлсний ач холбогдол болон зорилгын талаар “АПУ Дэйри” ХХК-ийн үйлдвэр төлөвлөлтийн менежер Б.Баярсайхан,  “Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр бие организмд нь таагүй байдлаар нөлөөлдөг, лактоз үл тэвчих төрлийн хүмүүст хамгийн тохиромжтой нь лактозгүй сүү. Дэлхий дээрх гурван хүн тутмын нэг нь сүүн дэх чихрийг задалж чаддаггүй буюу лактоз үл тэвчих эмгэгтэй байдаг гэсэн судалгаа бий. Манайд ч мөн ийм хүн олон байгаа гэсэн үг. Тийм хэрэглэгчдэд зориулсан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зүй ёсны шаардлагын дагуу бид энэ үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Хүн эхээс төрөхдөө л сүү хэрэглэж эхэлдэг учир бие организм нь байгалиасаа сүүний хэрэглээгээ нэхэж байдаг. Тэр хэрэглээ нь аажмаар багасахад сүүн бүтээгдэхүүн шингээх чадвар нь алдагддаг. Ингэснээр уусан сүүгээ задалж чадахгүй байх тавгүй шинж тэмдгүүд илэрнэ. Харин лактозгүй сүүний хувьд хүний биед ороод боловсрох, лактоз задлах явцыг нь үйлдвэрлэл технологийн аргаар урьдчилаад хийчихсэн байдаг учир гэдэс дотор эвгүйрэх зовиур өгдөггүй, бүрэн шингэдгээрээ давуу талтай бүтээгдэхүүн” гэж онцолж байлаа.

 


Малчдыг дэмжсэн “Монгол Сарлаг” төсөл

 

АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлсэн. Төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

“Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслийг малчин өрхийн цагаан идээ боловсруулах уламжлалт технологид түшиглэн, малчидтай хамтран хэрэгжүүлж буйгаараа онцлог.


Малчдыг тогтмол орлоготой болоход туслах, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд нэмэр болж буй энэ төслийн талаар АПУ Дэйри” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер Б.Аминаа, Сарлагаас гарах сүүний хэмжээ бага байдаг учир түүхий эдийн нөөц нь харьцангуй бага. Гэхдээ сарлагийн сүү шим тэжээлийн хувьд маш сайн, кальцийн агууламж өндөр, тослог сайтай, амин хүчлээр баялаг. Ийм үнэт чанартай түүхий эдийг бид стандартад нийцсэн гэр үйлдвэрлэл байгуулаад, тоног төхөөрөмж, сав хэрэгслийг төсөлд хамтарч байгаа малчдадаа нийлүүлэн орон нутагт үйлдвэрлэл явуулж байна. Төсөлд хамрагдсан 30 гэр бүл стандартын шаардлага хангасан аарц, зөөхий, шимийн архи нийлүүлдэг. Аарцаар нь ааруул, аарц, зөөхийгөөр нь шар тос, хайлмаг үйлдвэрлэж байна.  Малчин өрхүүд цөм нэг стандартын дагуу үйлдвэрлэл явуулж, чанар стандарт хариуцсан ажилтан өдөр бүр, шат дамжлага бүхнийг хянадаг. Эцсийн бүтээгдэхүүнээ хадгалалт хамгаалалтын чанд хатуу хяналт дор тээвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна. Бид зөвхөн нэг аймаг суманд, зөвхөн сарлагийн сүү саалиар бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ингэ, гүүний сүүгээр идээ ундаа үйлдвэрлэх зорилготой. Мал аж ахуй эрхэлдэг олон өрх бүл бий учир үйлдвэрлэл төрөл бүрээр өргөжин тэлэх бүрэн боломж бий гэж ярилаа.  

 

 

 

Холбоотой мэдээ