С.Санчир: Политехникийн коллежийн 15 суралцагч Японд дадлагажиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-24 13:53:53

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежоос “Чанартай боловсрол – Нээлттэй түншлэл” зөвлөгөөнийг зургаа дахь жилдээ энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Политехникийн коллежийн захирал С.Санчираас тодруулга мэдээлэл авсан юм.


-Уг зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг юм байна. Зөвлөгөөнөөр юуг хэлэлцдэг вэ?

-Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу төвийн бүсийн мэргэжлийн сургалтын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, бүсийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилтныг хэрхэн бэлтгэх, энэ үйл явцдаа бидний алтан түнш болсон ажил олгогчдынхоо оролцоог хэрхэн, яаж хангах вэ гэсэн асуудлыг ярилцлаа.

Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургалтын байгууллагыг хөгжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой заалт тусгасан байдаг. Энэ зорилтын хэрэгжилт, үр дүнг үнэлж дүгнэсэн.

Энэ удаагийн зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БШУГ, ЕБС-ийн захирлууд, анги удирдсан багш нарын төлөөлөл, Арвайхээр сумын багийн Засаг дарга нар, ажил олгогчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.



-Энэ зөвлөгөөнийг зургаан жилийн турш зохион байгуулж ирсэн байна. Зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт, үр дүн хэр байв. Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүсийн хэмжээнд хэрхэн ажиллах вэ?

-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хамгийн гол тулгуур нь түншлэл байдаг. Төгсөгчдийг ажлын байраар хангаж байгаа ажил олгогчдын түншлэл хамгийн чухал. Тийм учраас бид тухайн жилийнхээ хөдөлмөрийн зах зээлд нийцүүлээд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, нөгөөтэйгүүр хөтөлбөрийн шинэчлэл хийхэд ажил олгогчдын санаа оноог тусгах, дараагийн стратегийн асуудлаа тодорхойлоход уг зөвлөгөөн ач холбогдолтой байдаг.


Бидний зорилт жил бүр өөрийн онцлогтой. Тухайлбал, зарим жилд хөдөлмөрийн зах зээлийг илүү тодорхой болгох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгааны ажлыг чухалчилдаг бол энэ жилийн хувьд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бүсийн хэмжээнд хөрш аймгуудтайгаа хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт гол анхаарлаа тавьж байна.

Хэрэв та бүхэн анзаарсан бол аймгийн Засаг даргын илтгэлд манай бүсийн хөгжил бол аялал жуулчлал юм гэдгийг онцолж хэллээ. Тиймээс бид аялал жуулчлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх, түүнд үйлчилж байгаа зоогийн газар, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний сургалтыг илүү анхаарч  ажиллах болно.



-Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар ажлууд хийж байгаа вэ?

-Өнгөрсөн жил бид аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд болон гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төгсөгчдөө ажиллуулахад түлхүү анхаарсан. Үүний үр дүнд манай сургуулийг төсгөж байгаа хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт 81 хувьтай байна.


Японы том хотуудад манай төгсөгчид ажиллаж бас суралцаж байгаа нь коллежийн хувьд түүхэн амжилт юм. Тэнд одоогоор 15 суралцагч ур чадварын дадлагажих ажилтнаар хөдөлмөр эрхэлж, цалинжихаас гадна орчин үеийн техник технологиос суралцаж, энэ нь ирээдүйгээ харах үзэл хандлагад нь эергээр нөлөөлж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.


Саяхан Японы талаас манай хүүхдүүдийг Вьетнам, Хятад, Камбожи, Филиппин гээд бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад хамгийн бүтээмжтэй, хариуцлагатай, шилдэг нь байдаг гэж хэлсэн. Өнөөдрийн ажил олгогчдын хүсээд байгаа ур чадваруудыг манай сургуулийн төгсөгчид бүрэн эзэмшсэн байдагт багш хүний хувьд бахархдаг.

Ер нь бид алсыг харж, төгсөгчдөө хөдөлмөрийн том зах зээлд нийлүүлэх нь чухал юм байна гэдгийг олж харсан.


-Политехникийн коллежийг энэ жил хэдэн хүүхэд төгсөж байна вэ? Бусад сургалтын байгууллагуудаас ялгарах онцлог, давуу тал юу байдаг бол?

-Манайх 1-3 жилийн хугацаагаар 38 мэргэжлээр элсэлт авдаг. Энэ 2023-2024 оны хичээлийн жилд 1192 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2024 оны 1 дүгээр сард 200 суралцагч төгссөн бол ирэх 6 дугаар сард техникийн болон мэргэжлийн боловсролын 326 суралцагч төгсөнө.

Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиа төгсөөд манайх руу шилжин суралцаж 12-р анги төгсөхдөө 6 сая төгрөгийн тэтгэлэг авна. Түүний дараа коллежийн 1.5 жилтэй ангид суугаад 3 сая төгрөгийн тэтгэлэг авна. Ажлын байран дээр гарч болно, хүсвэл цааш шатлан суралцаж болно. Үндсэндээ 9 сая төгрөгийн тэтгэлэг авч, манай коллежийг төгсөөд их сургуулийн хоёр, гуравдугаар дамжаанаас дүйцүүлээд суралцах боломжийг Боловсролын багц хуулиар олгож өгсөн.



Манай коллеж нь аймаг, бүс нутгийн түвшинд инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламж, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, үйлчилгээний мэргэжилтэй ажилтан болон техник – технологич бэлтгэдэг цорын ганц сургууль юм.

2017 оноос хойш сургуулийн барилга байгууламжийн засвар, сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд улс, орон нутаг, төсөл хөтөлбөрөөс 2.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.


Холбоотой мэдээ