БАЯНХОНГОР: "Эх үрс" хэмээх хос хүрэл морь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-31 10:59:47

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. МЭӨ III-V зууны үеийн хүрлийн үеийн гайхамшигт ховор олдворын нэг "Эх үрс" хэмээх хос хүрэл морь Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байна. 


Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг Уулхайрхан гэдэг газраас олдсон хос хүрэл морь нь НТӨ IV-III зууны үед холбогддог. Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл НТӨ III мянганаас эхэлсэн бөгөөд нэгдүгээр үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Тухайн үед хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.


Аймгийн музейн логод дүрсэлсэн энэ олдворыг Готовын Цолмон гэдэг хүн 1980 онд цуглуулгаар музейд өгсөн бөгөөд аав нь эл бүтээлийг олоод хүүдээ өв дамжуулан өгсөн түүхтэй аж.

  

Хос хүрэл морь үзмэрийн хувьд ур хийц дахин давтагдахгүй, монгол оронд өөр олдоогүй байгаагаараа онцлог.


Уг бүтээлийг олсон Уулхайрханд түүх, соёлын дурсгалт булш, хиргисүүр олон байдаг. Хүрлийн үеийн гол дурсгалуудад тооцогдох Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, тогой, амгай, зуузай, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олдсон байдаг.


Тэдгээрийн дунд дээрх олдвор байжээ. Тус үзмэрийн дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээг одоогоор хийгээгүй байгаа ажээ.


Босоо дөрвөлжин суурин дээр давхарлан зогссон дүрслэлтэй хүрэл цутгамал морьдын хэмжээ нь:

     Урт: 6 см 

     Өргөн: 9см

     Өндөр: 8.5 см

     Зузаан: 0.5 см 

     Жин: 177 гр


Дээр нь зогссон морь хэмжээгээр жижиг боловч морьдын нүдийг төвийлгөн нэвт цоолсон, ам нь ангайн үүрсэж буй мэт ижил дүрслэлтэй. 

Холбоотой мэдээ