ЗАВХАН: Нэгдсэн эмнэлэг тусгай тоноглосон автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг явуулын
эмнэлэг тусгай тоноглосон
автомашинтай боллоо.
Түргэн тусламжийн автомашин нь яаралтай тусламж,
үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат,
дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн
баллон, төрөл бүрийн чиг баригч гэх мэт 22 нэр төрлийн эмнэлгийн тоног
төхөөрөмжөөр тоноглогдсон.
Засгийн газраас хөдөө орон нутгийн эмнэлгийг туулах чадвар сайтай, чанартай түргэний машинаар хангах, шинэчлэх ажлыг эхлүүлж, эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг хийж байгаа юм.
Завхан аймагт
сүүлийн жилүүдэд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн олон ажил хийж байна. Үүний нэг нь ЭМЯ-ны
хөрөнгө оруулалтаар хийж буй яаралтай түргэн тусламжийн
машиныг үе шаттайгаар солих ажил юм.
2023 онд бүрэн тоноглосон, 2 түргэн тусламжийн автомашинтай болж байсан бол энэ жил тусгай тоноглогдсон автомашинтай боллоо.
Завхан аймаг нь алслагдсан сум ихтэй учраас
хөдөө орон нутгийн дуудлага их ирдэг. Тэр дуудлага бүрд хүрч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн автомашин чухал шаардлагатай байсан. Өнөөдрийн
байдлаар аймгийн 7 эрүүл мэндийн төвд дуудлагын автомашиныг ЭМЯ болон аймгийн
ЗДТГ-ын дэмжлэгээр олгосон байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн
ажилтан З.Ариунтуяа мэдээлэв.
Ташрамд, Завхан
аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж буй дуудлагын 43 хувь нь
алсын дуудлага байдаг байна. Өнөөдрийн байдлаар яаралтай тусламжийн төвөөс 83
удаагийн алсын дуудлагаар ажиллажээ.