Ишикавад дахин газар хөдөлж болзошгүйг сэрэмжлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-06-03 12:07:49

ТОКИО, 2024 оны зургаадугаар сарын 3 /NHK/. Өнөө өглөө болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдад хандан хад чулуу унах, хөрс нурахаас сэрэмжлэхийг Японы Цаг уурын агентлаг уриалжээ. 


Өнөө өглөөний 06:31 цагийн орчимд Японы нутгийн төв хэсэгт орших Ишикава мужид газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийг хүчийг хэмжих 0-7 хүртэлх шатлалаар 5 болон түүнээс дээш түвшний хүчтэй газар хөдлөлт болсон байна.


Хүчтэй чичиргээ мэдрэгдсэн хэсэгт хад чулуу унах, нурах эрсдэл нэмэгдэж байгаа тул орон нутгийн иргэд сонор сэрэмжтэй байх шаардлагатайг Цаг уурын агентлагийн удирдах албан тушаалтан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Түүнчлэн ирэх долоо хоногт ойролцоо хүчтэй газар хөдлөлт дахин болж магадгүй бөгөөд ойрын хоёр хоногт хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг анхааруулсан байна.


Түүний хэлснээр, шинэ оны эхний өдөр газар хөдлөлтөд нэрвэгдсэн Ното хойг болон ойр орчмын бусад бүсэд газар хөдлөлтийн идэвхжил гурван жил гаруйн турш үргэлжилж байгаа бөгөөд цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ