ӨВӨРХАНГАЙ: Уран нарийн хийцтэй Өршөө багшийн аяганы гэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-11 15:58:08

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Халхын 13 тамгатай хутагтын нэг Эрдэнэ мэргэн ноён хутагт буюу олноо ”Өршөө багш’’ хэмээн нэрлэгдсэн Б.Содномцэрэнгийн аяганы гэр аймгийн музейд хадгалагдаж байна.


Энэ нь төмрөөр битүү хээлж, цэцэг, эвэр угалз зэрэг хээгээр өвч чимэглэн таган дээр норов чаадан, их биен дээр найман тахил дүрсийг сийлсэн, хоёр талдаа сэнжтэй, нугас, түгжээтэйуран хийцтэй эд юм.


Өршөө багш 1832 онд Сайн ноён хан аймгийн Ноён хутагтын шавийн нутаг буюу одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Солонго хэмээх газар ядуу ард Балигийн гэрт гэрэл цацруулан төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.




Түүний аягыг Гучин-Ус сумын харьяат, өндөр настан Бадиахүү хадгалж байсныг аймгийн музей зохих үнээр авч сан хөмрөгтөө архивлаад байна.


Дээхэн үед монгол эрчүүд өөрийн хэрэглэдэг аягаа биедээ авч явдаг байв. Энэ нь хоол унд, аягаар дамжих элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг байсан байна. Аягыг ихэнхдээ торгоор хийсэн, гоёмсог хээгээр чимсэн уутанд хийж бүсэндээ хавчуулан авч явдаг байжээ. 


Харин Өршөө багшийн аяганы гэр төмөр материалтай гэдгээрээ онцлог аж.

Холбоотой мэдээ