Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд Бутан улсын Үндэсний ассамблейн даргад бараалхлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-06-13 17:45:09

ТИМПУ, 2024 оны зургаадугаар сарын 13 /National Assembly of Bhutan/. Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд төлөөлөгчдийн хамтаар тус улсын Үндэсний ассамблейн даргад мягмар гарагт бараалхлаа.


Үндэсний ассамблейн дарга Монгол Улсын Элчин сайд болон төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, Бутаны оюутнууд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахад тэтгэлэг олгож, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсад талархал илэрхийлэв.


Элчин сайд Д.Ганболд Монгол, Бутан хоёр улс нь түүх, уламжлал, соёл, шашин шүтлэг, амьдралын хэв маягийн хувьд нийтлэг ижил төстэй талуудтай болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжтойг онцоллоо.


Уулзалтын үеэр дипломат харилцааг бэхжүүлэх, хоёр улсын парламент хооронд үзэл санаа, мэдлэг туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг тодорхойлох талаар санал солилцлоо. Хоёр тал илүү бат бөх түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов.




Холбоотой мэдээ