СЭЛЭНГЭ: Алтанбулаг бол байгаль, түүх, шашны дурсгалт газар
ӨВ СОЁЛ
Сүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хойд хилийн боомт нутаг
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. Монгол Орос хоёр улсыг холбосон засмал замтай,
буриад үндэстэн хүн амын ихэнхийг эзлэн амьдардаг. Хуучны дурсгалт дүнзэн
байшингууд ярайсан, хамгийн их ой модтой боловч сүүлийн үед цөлжилт нэлээн
явагдаж байгаа юм.
Түүхийн
шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын судалснаар Хамаг Монголын Тэмүжин
хаан Алтанбулаг сумын нутаг дахь “Буур хээр”-ийн талаас ертөнцийг байлдан
дагуулах тулалдаанаа эхэлж байжээ. Энэ газарт 1179 онд Мэргидэд булаалгасан
Бөрт Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамуха нартай хүч хавсран их цэрэг
хөдөлгөж Гурван мэргэдийг бут цохисон гэдэг. Энэ тулаан Тэмүжиний дараа
дараагийн үйл хэрэгт чухал түлхэц болжээ.
1206
онд Тэмүжин Их Монгол улсыг байгуулаад Чулуун Чимбай 2 хөвгүүний хамт өөрт нь
их тус хүргэсэн Сорхан шард энэхүү Мэргэдийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг
өмч болгон өгсөн байдаг. “Буур хээр”-ийн талд байх “Оргидог булаг” тэнд “Монголын
нууц товчоо”-ны 750 жилийн ойгоор нэгэн гэрэлт хөшөөг босгож “Эрсэн хүнээ олов.
Энд бууя” хэмээх Чингис хааны үгийг сийлсэн байдаг. Өдгөө энэ газарт аялагч нар
ихэд очдог түүхт газар юм. Хожим яруу найрагч Н.Сүхдорж “Гурван Мэргэдийн Буур
хээрт Гоо Бөртэгийн айдас бий, Жамуха Тоорил Чингис хааны жадаар бичсэн түүх
бий” хэмээн шүлэглэсэн байдаг.
Энэхүү
газарт түүхийн олон үйл явдал тохиожээ. Монголчууд “Буур хээр”-т Манж Чин улсад
дагаар орсон бөгөөд 1727 оны 8 дугаар сарын 20-нд Манж-Орос хоёр улсын хооронд
Буурын гэж алдаршсан хилийн гэрээг байгуулсан байна. Монгол эх орныхоо төлөө
харийн дайсантай тулж явсан Сумъяа бэйс болон түүний харьяат албат нарт YIII
Богд хаан Алтанбулаг орчмын газрыг олгож дархлан суулгажээ. Тийм учраас энэ
нутаг Монголын баатар зоригт цэргийн жанждын нутаг юм.
Мөн Их
эрдэмтэн Бямбын Ринчин Алтанбулагийн Улаан бургасны өвөлжөөнд төржээ. Үүнээс
өмнө 1921 оны 3 дугаар сарын 18-нд тэр өвөлжөөний газраас ардын баатар
Хасбаатарын удирдсан цэрэг Алтанбулаг руу гамингийн эсрэг тулалдахаар хөдөлсөн
байдаг.
Алтанбулаг
сумын урд орших Бүргэдэй хайрхан дээрээс ардын журамт цэргүүд гамингууд руу анх
буудсан гэдэг. 400 гаруй партизан цэргээс бүрдсэн Монголын ардын журамт цэрэг
нь анх “Орхон Сэлэнгийн бэлчир”-т тал талаас нийлэн нэгдэж, Алтан хэмээх газарт
буудаллаж, зэр зэвсгээ хуваарилан байлдааны тактик төлөвлөгөөгөө боловсруулж
байжээ.
Оросын
Хиагт тосгонтой нэг суурин мэт үргэлжлэх Алтанбулаг сум Монголын 330 гаруй сум
дотроос хамгийн их түүхийг агуулсан, хоёр улсын ард түмнийг хамгийн ойр
нөхөрлүүлсэн газар юм. Энэ Алтанбулагт Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээг
1918 онд баталж байжээ.
Ардын
журамт цэргийн Түр засгийн газрын байшин, Хувьсгалын музей, Сүхбаатар жанжны
журамт цэргийн штаб, банкны анхны байшин, Консулын байр, Шүүхийн анхны байр,
Дөрвөлжин сүм зэрэг түүхийн олон дурсгалт байшин байгууламжууд энд түүх өгүүлэн
оршин байдаг. “Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулемёт зоогоод..“ хэмээн дуулдаг.
Алтанбулаг
суманд жанжин Сүхбаатартай холбоотой 2 хөшөө бий. Түүний нэг нь Д.Сүхбаатарын
цээж баримал хөшөө бөгөөд өөрийнх нь хэлсэн “Миний бие Монголын ард түмэнд эрх
чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдүүлэхийг бодохгүй зүтгэмой” хэмээх
үгийг хөшөөний суурь хэсэгт монгол бичгээр алтан боронзоор товойлгон бичжээ.
Нөгөө
нь Х.Чойбалсан гуай Д.Сүхбаатарын талаар хэлсэн үгийг сийлсэн гэрэлт хөшөө юм. Энэ
хөшөө одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Нэгдсэн музейн өмнө байдаг. Энэхүү музейн
барилгад 1921 оны 3-7 дугаар сарын хооронд Д.Сүхбаатар амьдарч байжээ.
Өнөөдөр Алтанбулаг сум 35 мянган толгой малтай, 3000 гаруй хүн амтай, 1200 гаруй өрхтэй. Газар тариалангийн бүс, нутаг дэвсгэрийн тал хувь нь ой модоор бүрхэгдсэн учраас ан амьтан, ургамал өвсөөр баян нутаг юм.



