ЕВРО-2024: Швейцар Шотландтай тэнцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-20 09:38:12

КЁЛЬН, 2024 оны зургаадугаар сарын 20 /RIA Novosti/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Швейцарын шигшээ баг Шотландын багтай тэнцлээ.


Кёльн хотноо болсон А хэсгийн тоглолт 1:1 харьцаатай дууссан байна. Шотландын багаас төвийн хагас хамгаалагч Скотт Мактоминей (13 дахь минут) гоолдсон бол Хердан Шакири (26) Швейцарын хаалганд бөмбөг оруулжээ.


Шакири Европын болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь гоолоо орууллаа. “Opta Sports”-ийн мэдээлснээр, тэрбээр 2014 оны ДАШТ-ээс эхлэн сүүлийн зургаан томоохон тэмцээнд гоолдсон анхны европ хөлбөмбөгчин болов.


Швейцарын баг хоёр тоглолтоос 4 оноо авснаар хэсэгтээ хоёрдугаарт бичигдэж байна. Гуравдугаарт шотландчууд (1 оноо) орж байгаа бол Германы шигшээ (6) хэсгээ тэргүүлж байна. Унгарын баг сүүлийн байрт бичигдэж байгаа бөгөөд хэсгийн нэг, хоёрдугаар байрт орох боломжоо алджээ.


Шотландын баг хэсгийн сүүлийн тоглолтод зургаадугаар сарын 23-нд Унгарын багтай, Швейцарын баг Германы шигшээ багтай тоглоно. Германы шигшээ баг Унгарыг 2:0-ээр хожиж, хасагдах шатанд шалгарсан эхний багаар тодорсон юм. 


Хамбург хотод болсон B хэсгийн тоглолтод Хорват, Албанийн шигшээ багууд 2:2-оор тэнцжээ. 

Холбоотой мэдээ