"Хүүхдийн хөгжилд-Бидний оролцоо” үзэсгэлэн анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-10 11:11:20

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд “Хүүхдийн хөгжилд-Бидний оролцоо” үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд аав ээжүүд гарын доорх материал ашиглаж хичээлийн хэрэглэгдэхүүн хийсэн нь сонирхолтой байсан юм. Даланзадгад сумын 10 цэцэрлэгийн 62 бүлгийн эцэг эх оролцож, 100 гаруй төрлийн хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байна.

Хүүхдэд багаас нь монгол ахуйг ойлгуулах, тоо тоолох арга ухааныг сонирхолтой байдлаар эзэмшүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүнийг хийхээс гадна олон төрлийн сонирхолтой тоглоом, хүүхэд бүрийн хүслэн болсон мөрөөдлийн хотхонг урлажээ.

Эцэг эхчүүдийн дунд анх удаа зохион байгуулсан гарын доорх материал ашиглан хийсэн хичээлийн хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг гаргасны үр дүнд заавал үнэ өртөг өндөр тоглоом, хичээлийн хэрэглэгдэхүүн авах шаардлагагүйг харуулж чадлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ