ДУНДГОВЬ: Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад 130,8 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-26 16:31:50
altantogos

Мандалговь, зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад 130,8 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэв.


Тодруулбал, зөөврийн эхо аппарат, 12 сувагтай зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, биохимийн хагас автомат анализатор, яаралтай тусламжийн хяналтын монитор, яаралтай тусламжийн дефибрилятор, физик эмчилгээний ИСКРА-1 аппарат, физик эмчилгээний УВЧ-30 аппарат зэрэг 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг сум бүрийн ЭМТ-ийн хэрэгцээнд тулгуурлан өгчээ. Ингэснээр 10 суманд эрүүл мэндийн анханы шатны чанартай үйлчилгээ үзүүлэх, оношилгоо хийх боломж бүрдэж байгаа юм.


Түүнчлэн Зоонозын өвчин судлалын төвд гүн хөлдөөгч, центрфуг, усан банн, хатаах шүүгээ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт монитор бүхий хөдөлгөөнт суурьтай эмэгтэйчүүдийн HD видео кольпоскоп, ЭМГ-т зөөврийн компьютер, архивын нягтруулах шүүгээ зэргийг хүлээлгэн өгсөн байна.


Сумын ЭМТ, Сайнцагаан сумын өрхийн Эрүүл мэндийн төвүүд оношилгоо, эмчилгээний аппарат, тоног төхөөрөмжтэй болсноор орон нутгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны чанартай үйлчилгээг сумандаа, харьяа өрхийн эмнэлгээс авах боломж бүрдэж, зардал, чирэгдэл багасах ач холбогдолтой юм.  











Холбоотой мэдээ