Дэлхийн хамгийн залуу хаан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-07-03 15:45:34

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гайхам сайхан байгальтай, тэнгэр баганадсан өндөр оргилуудтай, үржил шимт хөндийнүүдтэй, эртний сүм хийдүүдийн өлгий болсон Бутан улсыг дэлхийн хамгийн залуу хаан болох Жигмэ Гэсэр Намжил Ванчук захирч буй. Тэр бол Бутаны тав дахь хаан юм. 


Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2008 онд 28 насандаа хаан ширээнд заларснаар дэлхийн хамгийн залуу хаан болсон юм. Аянгат луугийн орны ард түмэн даруу төлөв, найрсаг зангаараа алдаршсан түүнийг “Ард түмний хаан” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Хүрэхэд бэрх тосгоны хамгийн чөлөө завгүй тариачид хүртэл Цог жавхлант хааныхаа дүрийг олж харах боломжийг алддаггүй ажээ. 


Үүнд нь хоёр шалтгаан бий гэнэ. Эхнийх нь Бутаны хаан бол ард түмнийхээ хайр хүндэтгэлийг татсан, итгэлийг нь хүлээсэн хамгийн эрхэм хүн юм. Удаах нь, улс орноороо хөндлөн гулд аялж, уулзаж учирсан хүн бүрийг, улс орныхоо алс бөглүү нутаг болгоныг гарын арван хуруу шигээ мэддэг учраас тэр ажээ. 


Түүнийг Балбын Катманду хотод төрсөн гэдгийг төдийлөн мэддэггүй. Тэрбээр 1980 оны хоёрдугаар сарын 21-нд Бутаны дөрөв дэх хаан Жигмэ Сэнгээ Ванчукийн ууган хүү болон мэндэлжээ.  Түүний эх нь Сэнгээ Ванчук хааны гурав дахь эхнэр юм.


Бутаны хааны талаар төдийлөн мэддэггүй өөр баримтууд бас бий. Тэрбээр ургамал, цэцгийг арчлан тордогч, гэрэл зурагт шунан дурлагч, урлагийг дэмжин тэтгэгч юм. Хаантан зохиолч, зураачдыг үргэлж дэмждэг, тэднийг Тимпу дахь ордондоо ойр ойрхон урьдаг ажээ. 


Дэлхийн бусад угсаа залгамжлах хунтайж нараас ялгаатай нь Бутаны бусад хааны гэр бүлийн гишүүдийн нэгэн адил Тимпу дахь улсын сургуульд суралцжээ. Ахлах сургуулиа дүүргэсний дараа АНУ-д боловсрол эзэмшиж, Оксфордын их сургуулийн Магдален коллежийг төгссөн байна. 


Хаан чөлөөт цагаараа дугуй, мотоцикл унах дуртай. Түүнийг мотоцикл эсвэл дугуйгаар нийслэлийн мушгиралдсан замаар явж байхыг иргэд нь олонтаа хардаг. 


Ташрамд сонирхуулахад, коронавирусний цар тахлын үеэр Бутаны хаан иргэдийнхээ бүх зээлийн хүүг хүчингүй болгож байлаа. Банкууд түүний хувийн хөрөнгөөр зээлтэй иргэдийн зээлийн хүүг төлжээ. Хаан мөн “Ковид-19”-ийн халдвар дэгдэх үеэр нийгмийн бүх давхаргын хүмүүст туслах сан байгуулж байв.


Жигмэ 2008 онд Тайландад айлчлах үеэрээ нэлээд шуугиан тарьж, олон  шүтэн бишрэгчтэй болж, Тайландын хэвлэлүүд түүнийг “Дур булаам” хунтайж гэж нэрлэж байлаа. Гэвч тэрбээр зүрх сэтгэлээ Гялцэн Жэцүн Пема хэмээх үзэсгэлэн гоо, энгийн ардын охинд өгчээ.

 

Залуу “Друк Гялпо” буюу “Луугийн хаан” өөрийн хайрт бүсгүйтэй сүй тавьсан тухайгаа 2011 оны тавдугаар сард зарлаж, мөн оныхоо 10 дугаар сард хуримлажээ. Хуримын ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс хүндэт зочид төлөөгчид уригдан оролцож байв. Барууны хэвлэлүүд хосыг Хималайн тэртээх Уильям, Кейт хэмээн нэрлэж байлаа. 2011 онд дэлхий дахины хааны удмын гэр бүлүүдэд олон хурим болсон бөгөөд Хатан хаан Элизабетийн зээ охин Зара Филлипс, Майк Тиндалл нар, Монакогийн хунтайж II Альберт, гүнж Шарлин нар хуримласан билээ.  


Өдгөө Бутаны хааны гэр бүл хоёр хүү, нэг охинтой. Ууган хүү нь найман настай бол бага хүү нь өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд дөрвөн нас хүрсэн байна. Тэд гурав дахь хүүхдээ өнгөрсөн оны есдүгээр сарын 9-ний өдөр өлгийдөн авчээ. 


Холбоотой мэдээ