Олимпийн мөнгөн медальтан Д.Сумъяагийн алдрыг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-10 17:05:02

“Рио-2016” зуны олимпийн 31-р их наадмын мөнгөн медальт, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн алдрыг төрөлх Увс нутагт нь өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ.

Олимпийн мөнгөн медальтнаа Увсчууд ёслол төгөлдөр угтан авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнтэй хамт Монгол Улсын Ардын багш, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, МУГТ, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион явагдлаа. Тэмцээнд оролцож буй тамирчдад олимпийн мөнгөн медальтан маань амжилт хүсээд “Ирээдүйн олимп, дэлхийн аваргууд эндээс төрнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн урам хайрласан юм.

Д.Сумъяагийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах өсвөрийн жүдо бөхийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд багийн дүнгээр Цогцолбор 2-р сургууль тэргүүлж, Зүүнговь сумын “Бор арслан” дэвжээ, Улаангом политехник коллежийн “Улаан гуталт” дэвжээ тус тус удаалсан байна.

Олимпийн мөнгөн медальтны алдрыг ээжийнх төрсөн нутаг болох Тариалан сумынхан мөн тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр хотон ёстны хувцсаар түүнийг гоёж, бий биелэгээ хийлгэсэн нь хамгаас содон байлаа.

Мөн төрж өссөн нутаг Баруунтуруун суманд нь Д.Сумъяагийн алдрыг тэмдэглэсэн юм.

Энэ үеэр түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” киног Увсчууд өргөнөөр үзэж сонирхлоо.

Увс аймаг Б.Батхүү

 

 

 

Холбоотой мэдээ