Олимпод оролцох тамирчдыг үдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улсаас зуны спортын XXXIII наадамд есөн төрөлд 33, Паралимпын XVII наадамд зургаан төрөлд есөн тамирчин оролцох эрхээ авсан билээ.
Түүнчлэн энэ удаагийн Олимпод хүндийг өргөлтийн төрөлд шүүгчээр Л.Одгэрэл, боксын төрөлд рингний шүүгчээр Б.Атарбаяр, хяналтын шүүгчээр Ц.Цогтгэрэл, жүдо бөхийн тэмцээний хяналтын шүүгчээр М.Бөхбат нар ажиллах урилга авсан юм.
Үүнээс гадна Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг “Парис-2024” наадмыг сурвалжлахаар болсон. Тодруулбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын сэтгүүлч Ж.Отгонцагаан, соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Ч.Ганбат, гэрэл зурагчин Б.Нямбилэг, “Чэмп медиа” компанийн захирал Ж.Цэцэгмаа нар 33 дахь Олимпын наадмын сурвалжлагчаар ажиллана. “Централ” телевиз “Премьер спортс нэтворк” сувагтай хамтран Монголд албан ёсны онцгой эрхтэйгээр Олимпын наадмыг шууд дамжуулна.
Мөн “Парис-2024” наадмын Olympic Broadcasring System буюу Олимпын шууд дамжуулалтын албанд Т.Гуамарал ажиллах юм. Энэхүү багт дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 8000 орчим хүн ажиллах эрхээ авсан байна.
Тэгвэл Олимпын наадам эхлэхээс яг 21 хоногийн өмнө тамирчдаа үдэж, тэмцээн уралдаандаа оролцох мандатыг нь гардууллаа.