ТӨВ: Түүхэн гэрэл зургууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-09 13:22:56

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Энэ жил Төв аймаг байгуулсны 101 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн үеийн гэрэл зургийг тайлбарын хамт хүргэж байна. 


Ардын хувьсгалын 4 жилийн ойн баяр наадам

1925 оны баяр наадмыг Ардын их баяр наадам хэмээн нэрийдэж 7 дугаар сарын 11-нээс эхлэн зургаа хоног наадсан гэдэг. Тус баяр наадмын азарганы уралдаанд Богдхан уулын аймгийн Хоёр Өлзийт уулын хошууны уяач Содномдоржийн зээрд халзан азарга айргийн гуравт, Их насны морьдын уралдаанд Богдхан уулын аймгийн уяач Минжүүрийн хар айргийн тавд, соёолонгийн уралдаанд уяач Минжүүрийн хээр соёолон түрүүлсэн бол хязаалангийн уралдаанд Хүнцэлцавчид уулын уяач Зундуйн зээрд айргийн тавд хурдалжээ.

 

 

Эрүүлийг хамгаалах секцээс Эрүүл мэндийн газар болсон нь

1925 оны 7 дугаар сарын 1-нд Дотоод яамны бүрэлдэхүүнд Ардын эрүүлийг хамгаалах газар байгуулж, 1929 оноос аймгийн төвд Эрүүлийг хамгаалах секц байгуулж байв. 1961 онд аймгийн Эрүүлийг хамгаалах газар болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байв.

 


Улаан гэр-Улаан булан-Клуб

Богдхан уулын аймагт анхны Улаан гэрийг 1932 оны 4 дүгээр сард байгуулж, багт жүжиг, дуугүй кино, “эгшигт хайрцаг”-ийн патефон аялгуугаар үзэгчдээ гайхашруулж, хувьсгалт тэмцлийн болоод ардын дуу эгшиглүүлж, цугларсан олон түмэнд суртал ухуулга хийж иржээ.

 

Түүнчлэн тус гэрт бичиг үсэг зааж, “Народный дом”-оос дэлгэрсэн танц-нийтийн бүжиг болдог байсан юм. “”Жаахан Дулмаа”, ”Задгай цагаан” аятай зугаатай “олон нийт” зохиож, ханын сонин хийж, дайчин хуудсаар мэдүүлэх ажлаа явуулж байв. Ингэснээр Богдхан уулын аймгийн Улаан гэр 1938 онд улсын хэмжээний улаан гэрүүдээс тэргүүн байрт шалгарсан байна.  

 

Улаан гэр нь аажимдаа улаан булан, 1926 оноос клуб гэдэг “ардын цэнгэлдэх хүрээлэн” болж хөгжсөн байна. Энэ нь өдгөө Хөгжимт драмын театрын суурь байсан аж. 

 

Төв аймаг харилцаа холбооны газартай болсон нь 

Төв аймгийн Холбооны газрын суурийг Лүн сумын нутагт 1923 онд тавьжээ.1942 оны хоёрдугаар сард эсгий гэрт телефон аппарат 1, “Колхозной приемник” хүлээн авагч 1-тэй, 3 хүнтэйгээр аймгийн Холбооны салбар Зуунмодод нүүж ирсэн байна.

 

Төв аймагт цахилгаан мэдээгээр үйлчлэх ажил 1942-1966 онд морз аппаратаар дамжуулж байгаад 1967 онд үсгээр бичигч “СТ-35” аппаратаар тоноглогдож жилд 60 гаруй мянган мэдээ нэвтрүүлж, цахилгаан холбоо түргэн шуурхай, найдвартай болжээ.

 

Төв аймгийн анхны хоршоо үүсэж байв


1923 онд Мишиг гүний хүрээнд буюу өнөөгийн Дэлгэрхаан суманд Төв аймгийн анхны хоршоо үүсэж байв.

Төв аймаг 1931 онд 17 дэлгүүр мухлагтай, 66 мянган төгрөгийн хувь хөрөнгөтэй, 1940 онд 4,1 сая төгрөгийн бараа борлуулж байсан ба 1955 онд нийтийн хоолны газар нээж, 1957 он гэхэд анхны хоршоо 37, дэлгүүр 51, гуанз 10, талхны газар 2, агент 115, хувь нийлүүлсэн гишүүн 19,9 мянгад хүрч, 1958 онд 71422,9 мянган төгрөгийн бараа гүйлгээ хийж байв.

 


Төв аймгийн анхны сургууль

Ардын хувьсгалын дараа Түшээт хан аймагт байгуулсан ууган сургуулийг 1922 онд Алтанбулаг хотод байгуулсан. Өнөөгийн Төв аймгийн нутагт байгуулсан ууган сургууль бол 1923 оны 6 дугаар сарын 15-нд Хүнцэлчавчид уулын хошууны нутаг Баян гүн уулын өвөр Далан Түрүүний дэнж гэдэг газар одоо Бүрэн сумын нутаг “Тамгын танхим” нэртэйгээр, Дондог хиа, Пэлжээ занги гэдэг 2 багш, Хастөмөр гавж эмчтэй, 30 сурагч, 2 ажилчин, 2 эсгий гэртэй байгуулж байв.

 


Төв аймгийн анхны кино театр

1944 оны 5 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотын кино хорооноос нүүдлийн 1 кино, механикч нь аймгийн ууган кино механигч Сэрээтэр ирж ажилласнаар Төв аймагт Кино үзвэрийн байгууллагын суурийг тавьжээ.

 


Богд Хаант Монгол улсын шинэлэх, цагаалах ёсон

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улсаа тунхаглаж тусгаар тогтнолоо зарласан билээ.

Богд хаант Монгол Улсын Хууль зүйлийн бичигт шинэлэх, цагаалах ёслолыг тусгайлан зааж, хуульчилж өгчээ. Тус хууль зүйлийн бичгийн 19 дүгээр дэвтэрт: “Шинэлэх цагаалах ёслолыг явуулах нь” хэмээсэн байна. Тодотгож үзвэл хошуу захирч байсан 120 гаруй засаг ноёд Хүрээнд ирж шинэлэх цагаалах ёслолд оролцох, мөн төлөөний түшмэл оролцуулахаар болжээ.

 

Шинэлэх цагаалах өдөр буюу шинийн нэгний туулай цагт Нийслэл хүрээний Хамба номун хан, Ёнзон хамба номун хан, дэд хамба, хутагт цорж Эрдэнэ шанзудбын зэрэг олон лам нар, олон яамны сайд, ван, гүн, бичиг, цэргийн олон түшмэд бараалхан мөргөх жагсаалд орж угтахдаа төрийн жагсаал жагсах дэг ёсыг барьдаг байв. 







Холбоотой мэдээ