ДОРНОД: Энэ сарын 21, 22-нд дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны долдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Уржигдар шөнөөс эхлэн Дорнод аймгийн нийт нутгаар усархаг бороо орж байна. Мөн энэ сарын 21, 22-нд зарим нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, хүчтэй салхи шуурганы аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Дээрх өдрүүдэд салхи их төлөв баруун хойноос 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хэрлэн голын усны түвшин Чойбалсан хот орчимд 172 см, Хөлөнбуйр сум орчимд 181 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 33-38 см-ээр ахиу үзүүлэлт юм. Түүнчлэн Халх гол Сүмбэр сум орчмоор 181 см байгаа бол Баянхошуу боомт орчмоор 450 см болсон нь ОЖД-аас 72 см-ээр ахисан гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.
Улз голын усны түвшин Баян-Уул сум орчмоор 140 см, Дашбалбар сум орчмоор 115 см, Чулуунхороот орчмоор 154 см байгаа нь ОЖД-аас 24-40 см-ээр ахиу байна.