Хүйтэн дайны үеийн хуучинсаг сэтгэлгээнээс салахыг Хятадын сайд уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН./TASS/. Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюань Бээжин хотод өнөөдөр эхэлж буй Аюулгүй байдлын асуудлаарх Сяншанийн VII чуулга уулзалтын нээлтийн үеэр үг хэлэхдээ ингэж уриалжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “аюулгүй байдлын шинэ глобал бүтэц архитектурыг бий болгох явдлыг дэлхийн улс орнууд олон улсын хамтын ажиллагааныхаа гол чиглэл болгох хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэлээ.
Уг чуулга уулзалтыг Хятадын Батлан хамгаалах яам, Хятадын Олон улсын стратегийн судалгааны төв, Цэргийн шинжлэх ухааны холбооноос зохион байгуулж байна.
Анхны чуулга уулзалт 2006 онд болсон бол дараа нь хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байгаад 2015 оноос эхлэн жил бүр зохион явуулах болжээ.
Энэ удаагийн арга хэмжээ “Аюулгүй байдлын салбарт яриа хэлцээ, хамтын ажиллагаагаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгох нь” гэсэн гол сэдвийн дор болж байна. Харин салбар хуралдаанууд “Глобал удирдлагад гүйцэтгэх зэвсэгт хүчний үүрэг”, “Ази-Номхон далайн бүс нутагт үүссэн аюулгүй байдлын сорилтуудад хамтын ажиллагаагаар дамжуулан хариу үйлдэл үзүүлэх нь”, “Далай тэнгисийн аюулгүй байдлын чиглэл дэх хамтын ажиллагаа”, “Олон улсын терроризмын аюул занал ба түүний эсрэг авах арга хэмжээ” гэсэн дөрвөн сэдвээр болох юм.
Тус чуулга уулзалтад дэлхийн 59 улс болон бүс нутгийн батлан хамгаалах, аюулаас хамгаалах байгууллагуудын 500 гаруй өндөр албан тушаалтнууд, эрдэмтэд, шинжээчид оролцож байна.
Чуулга уулзалт 12-ны өдөр дуусна.
Б.Адъяахүү