ӨМНӨГОВЬ: Морин хуур сонирхогчдын уралдааныг 2 насны ангиллаар зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны долдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын яам, Улсын филармони, Морин хуурын чуулга, Дэлхийн морин хуурын холбоотой хамтран морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
VII наадмын сонирхогчдын төрөлд 2 насны ангилалд 77 морин хуурч оролцжээ.
Морин хуур сонирхогчдын уралдааны ахлах шүүгчээр Монгол Улсын Консерваторын морин хуурын багш Шарав-Арилдийн Болдбаатар, шүүгчээр морин хуурч Аюурзанын Мөнгөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, морин хуурч Пүрэвхүүгийн Тэмүүжин нар ажиллаж байна.
Монгол Улсын Консерваторын морин хуурын багш: Ш.Болдбаатар:
-Энэ удаагийн морин хуурын олон улсын VII наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Мөн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлогтой. Өмнөговь аймгийн ЗДТГ болон морин хуурын төвийн багш нар, морин хуурчид, иргэд гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Мөн Орос, Хятад, Япон, Солонгос, Америк, Канад зэрэг улсаас иржээ. Орон нутгийн иргэд морин хуур хөгжмөө дээдлэн суралцаж, орон нутгаас ингэж дэмжиж байгаад морин хуурын багш хүний хувьд маш их баяртай байна. Өчигдөр нээлт үзэж байхад хүмүүсийн хүлээн авч үзэж, дэмжин алга ташиж байгаа зэргийг хараад үнэхээр сайхан байлаа. Энэ удаагийн уралдаанд оролцож байгаа хүмүүс харилцан адилгүй. Хоёр, гурван жил бүр таван жил суралцсан хүн ч байна. Мэдээж урьд урьдын тоглолтуудаас тоглох зохиол, бүтээлийн хувьд илүү сайжирчээ.
Уралдаанд оролцож байгаа оролцогчдын ар
гэр, аймаг орон нутгийн их дэмжлэг дор уралдаан амжилттай үргэлжилж байна. Та бүхэндээ баярлалаа.