ӨМНӨГОВЬ: Говь шанхын хурд наадамд хувь нэмрээ оруулсан зүтгэлтнүүдэд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-28 15:47:59

Даланзадгад, 2024 оны долдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Говь шанхын хурд” хурдан морьдын уралдааныг зохион байгуулахад олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулж яваа 11 хүнд хүндэтгэл илэрхийллээ.

 

“Говь шанхын хурд” төслийг санаачлагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ эрдэмтэн, адуу судлаач Цэгмид гуайтай хамтран 1998, 1999 оны эхээр Шанхайн хэцийн хурдан адууны цөм нутаг болсон Цогтцэций, Манлай, Ханхонгор, Цогт-Овоо зэрэг сумаар явж, морины ахмад уяачидтай уулзаж, судалгааны ажлаа эхлүүлж байсан түүхтэй.

 

Ийнхүү говь шанхын хурд наадмыг анх 1999 онд анхлан зохион байгуулж, таван жилд нэг удаа хийж байхаар тогтжээ.

 

Монгол Улсын тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ “Говь шанхын хурд” хурдан морьдын уралдааныг зохион байгуулахад 25 жилийн хугацаанд идэвх зүтгэл гаргаж түүх бүтээлцсэн, “Говь шанхын хурд”-ыг сэргээхэд, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, XX зууны Манлай их хүлэгч, Манлай уяач Данзаннямын Даваахүү, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Банзрагчийн Цэдэнсамба, Төр захиргааны ахмад ажилтан Балжинямын Зандраа, Оргодолын Бадарч, Манлай сумын засаг дарга асан Гэнийдоогийн Батбаяр, Аймгийн алдарт уяач Рэнцэнгийн Буянтогтох, Цогтцэций сумын ЗДТГ-ын дарга асан Банзрагчийн Сэмжаан, Монгол Улсын Гавьяат барилгачин, Цогтцэций сумын нутгийн зөвлөлийн дарга асан Гэндэнгийн Буд, Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Норовдоржийн Александр, Өмнөговь аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, Аймгийн алдарт уяач Батчулууны Амарсанаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, манлай уяач Хоохорын Бадамсүрэн зэрэг 11 хүнийг Говь шанхын хурдын зүтгэлтнээр өргөмжилж, хүндэтгэл илэрхийллээ.  

 


Холбоотой мэдээ