ӨМНӨГОВЬ: Бөхийн барилдаанд О.Хангай түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-29 09:47:01

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, "Говь шанх-7" наадамд зориулсан бөхийн барилдаанд 128 бөх уран мэхийг уралдуулж, Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэн, Улсын заан Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр нар шөвөгт үлдэж, наадамчин олныг цэнгүүллээ.






Улсын аварга О.Хангай:

-Говь шанхын наадам өргөн дэлгэр боллоо. Газар газрын хурд, эрхий мэргэн харваачид, хүчит бөхчүүд хүрэлцэн ирж хурд хүч, цэц мэргэнээ сорин баяр наадмыг улам дэлгэр болголоо. Энэ наадамд аваргатайгаа таарч сайхан барилдлаа. Энэ нутгийн дэвжээн дээр олон ирж барилдсан. Надад их ээлтэй байдаг. Нутгийн ард олонд баяр наадмын мэнд дэвшүүлье.


Улсын аварга П. Бүрэнтөгс:

-Энэ жил Өмнийн цэнхэр говь нар хур нь тэгшрээд даншиг наадмаа маш сайхан зохион байгууллаа. Энэ сайхан цагт хүрэлцэн ирж барилдаад үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Унаж, давдаг хорвоо юм чинь сайхан барилдлаа. Ингээд Өмнөговь аймгийн ард иргэдэд түүхт ойн баярын мэнд хүргэе.

Холбоотой мэдээ