К.Харрис нэг хувиар илүүрхэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-05 09:34:09

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 5 /РИА Новости/.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшсэн дэд Ерөнхийлөгч Камала Харрис Америкийн хүн амын дунд дэмжлэг хүлээж буй байдлаараа Ерөнхийлөгч асан Д.Трампаас илүүрхэж байна. Үүнийг телевизийн CBS News суваг ба судалгааны YouGov байгууллагын хамтран явуулсан санал асуулгын дүн харууллаа.   


Хэрвээ санал асуулга явуулсан өдөр сонгууль болох аваас америкчуудын 50 хувь нь Харрисын төлөө, 49 хувь нь Трампын төлөө саналаа өгөхөөр байна. Нөгөөтэйгүүр, сонгуульд гуравдагч нэр дэвшигч буюу бага Роберт Кеннеди оролцсон тохиолдолд Харрис 49 хувь, Трамп 47 хувь, Кеннеди 2 хувийн санал тус тус авахаар байна.


Харрисын төлөө саналаа өгнө гэж хариулсан америкчуудын 41 хувь нь Трампыг Ерөнхийлөгчөөр сонгохгүйн тулд, 34 хувь нь хувь хүнийхээ үүднээс Харрист таатай ханддаг учраас,  24 хувь нь Ардчилсан намын нэр дэвшигч учраас Харрисыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ.


Санал асуулгыг 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 2 хүртэлх хугацаанд бүртгэлтэй 3102 сонгогчийг хамруулан явуулжээ. Санал асуулгын дүн 2 хувь нэгжээр хэлбэлзэх магадлалтай.  

Холбоотой мэдээ