Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр өндөрлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр өндөрлөнө.
Улмаар нэр дэвшүүлсэн нам эвсэл, бие даан нэр дэвшигчид энэ сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа хүргүүлэх юм. Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан тохиолдолд тухайн шатны сонгуулийн хороо энэ сарын 26-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм.
СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн хороодын ажилтнуудад нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авахтай холбоотой арга зүйн сургалтыг наймдугаар сарын 23-наас хойш зохион байгуулж буй.