Энэ зун түүхэн дэх хамгийн халуун зун болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-09-06 16:54:45

БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 6 /BBC/. 2024 оны зун дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун боллоо гэж Европын Холбооны Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас мэдээлжээ.


Мөн Европ даяар хамгийн халуун зун болсон бөгөөд агаарын температур 1991-2020 оны дунджаас Цельсийн 1.54 хэмээр халуун байсан нь 2022 онд бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс давсан байна.


Түүнчлэн наймдугаар сар сүүлийн 14 сарын хугацаанд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр давсан 13 дахь сар болжээ.


Хэдийгээр Их Британид 2015 оноос хойших хамгийн сэрүүн зун тохиосон боловч Европын ихэнх хэсэгт дунджаас илүү халуун байжээ.


Энэ он гарсаар дэлхийн дундаж температур 1991-2020 оны дунджаас 0.7 хэмээр нэмэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.


2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жил болох магадлал нэмэгдсээр байна гэж Уур амьсгалын өөрчлөлт судлалын газар мэдэгджээ. Өнгөрсөн онд дэлхийн дундаж температур түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм.


Хэт халалт, цаг агаарын эрс тэс үзэгдлийн үр дагаврыг хүн төрөлхтөн нүдээр үзэж байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлт судлалын газрын орлогч дарга Саманта Бержесс хэлэхдээ, агаарын температур нэмэгдсэнээс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн давтамж цаашид улам нэмэгдэнэ гэв.


Энэ зун Европын орнуудад агаарын температурын дээд үзүүлэлтүүд шинэчлэгдсэн байна. Тухайлбал, Австри улсад түүхэнд байгаагүйгээр хэт халсан бол Испани, Финландад хамгийн дулаан наймдугаар сар, Швейцарт түүхэнд хоёрдугаарт бичигдэх халуун наймдугаар сар тохиосон байна.


Европын өмнөд болон зүүн хэсгээр хэт халсан бол Ирланд, Их Британи, Португалын баруун хэсэг, Исланд, Норвегийн өмнөд хэсгээр сэрүүн байжээ.

Холбоотой мэдээ