ЗАВХАН: Баруун бүсийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-09-08 18:15:02

Улиастай, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 5-7-нд боллоо.


Уулзалтад Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 200 гаруй ахлагч оролцлоо. Мөн баруун таван аймгийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын дунд спортын уралдаан тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан байна.  


Онцгой байдлын Ерөнхий газраас зохион байгуулж байгаа баруун бүсийн ахлагчдын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд оролцож үг хэллээ. Тэрбээр “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч  юм.


Төр засгаас цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна.


Бид зөвхөн бүс, орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орны туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гадаадын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх нь чухал.


Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ гэдгийгонцолж чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.  


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

 

Холбоотой мэдээ