ГОВЬ-АЛТАЙ: “Багш-Эрдэнэ” 1000 багшийн чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-10 13:18:21

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, БШУГ хамтран “Багш-Эрдэнэ” 1000 багшийн чуулганыг есдүгээр сарын 8-нд Алтай суманд зохион байгууллаа


Алтай нутгийнхаа өнцөг булан бүрд эрдмийн үрийг тарьж яваа 1000 орчим эрдэмтэн багш нар 8 судлагдахууны багт хуваагдан цахимаар салбар хуралдааныг зохион байгуулж, салбар хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлжээ. Тодруулбал, 

-Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөрийн үр дүн, асуудал, шийдэл

-Багшийн хөгжил, нийгмийн баталгаа, мэргэжлийн нэр хүнд, үнэ цэн

-Сургалтын чанар, хөтөлбөрийн хэрэгжилт

-Хүүхдийн хөгжил, хамгаалал сэдвээр хэлэлцсэн байна.


Мөн "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн шагнал, урамшуулал олгох журмын хүрээнд ЭЕШ болон улсын олимпиад, бусад уралдаанд амжилт үзүүлсэн багш нарт шагнал гардуулав. Түүнчлэн салбарын тэргүүлэх арга туршлагатай багш нарын төлөөллөөр "Сайн туршлага"-ыг нь хэлэлцүүлсэн тухай Говь-Алтай аймгийн БШУГ-аас мэдээллээ.


Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийн багш Н.Эрдэнэсувд Үндэсний бичиг өв соёлоо дэлгэрүүлэх, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж өөрийн авьяас чадвар, цаг заваа зориулан анги хамт олноороо улсын тэмцээнд хоёрдугаар байрт оржээ. "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд багш Н.Эрдэнэ-Сувдад 10 сая төгрөгийн урамшуулал гардуулсан бол ангийн сурагч тус бүрд 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм. 

Багш, сурагчид хамтдаа хичээвэл амжилтад хүрч болдог юм гэдгийг харуулж чадлаа гэдгийг багш Н.Эрдэнэсувд ярилаа. 

Холбоотой мэдээ