Орон сууцны үнэ 11.5 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-12 10:55:41

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод орон сууцны үнэ дүнгээрээ өнгөрсөн наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгдэж, өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан байна.


Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 6.8, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар нэмэгдсэн бол шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас 0.7, хуучин орон сууцны үнэ 0.1 хувиар багассан аж.


Харин шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ өнгөрсөн сард  4.06 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.28 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дээрх сард 3.87 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.57 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.



Шинэ орон сууцны дундаж үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.8 (620.5 мянган төгрөг) хувиар нэмэгдсэн нь хамгийн их, Чингэлтэй дүүрэгт 1.3 (48.6 мянган төгрөг) хувиар нэмэгдсэн нь хамгийн бага байв. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 27 хувь (970.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн их, Чингэлтэй дүүрэгт 7.1 хувь (290.7 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байлаа. 

Холбоотой мэдээ