БАЯНХОНГОР: Хаус хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-13 13:28:50

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг шинэ суурьшлын бүсдээ 140 айлын хаус хороолол байгуулахаар шийдвэрлэж, төслийн гүйцэтгэгчээр “Олон гарам” ХХК шалгарч ажлаа эхлүүлжээ. Энэ онд 2-3 хаусын загварын байрыг барьж, олон улсын жишигт нийцсэн амины орон сууцтай болох сонирхолтой иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний хүрээнд тус компани төмөр бетон бүтээц - хийцийн үйлдвэрээ байгуулж, тасралтгүй үйлдвэрлэл явуулах материаллаг баазаа бий болгон, 40 тоннын гүүрэн кран, уураар хатаагч зуух, хэв хашмал зэргийг угсран төмөр бетон торхыг үйлдвэрлэх бэлтгэл ажлуудаа хангажээ.


Олон улсын стандарт байдлаар цогцлоох хаус хорооллыг ашиглалтад оруулснаар Баянхонгор суманд иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх юм. Хаус хорооллын квадрат талбайн сонголтыг уян хатан нөхцөлтэй, заслыг чанар, стандартад нийцүүлж хийх юм.

Төвлөрлийг сааруулах, Баянхонгор сумыг тэлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий шинэ суурьшлын бүсийн ажлыг 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтыг шат дараатай хийж байна.



Холбоотой мэдээ